
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, хөгжүүлэх амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх, тэдэнд тэгш эрхтэйгээр хандах, нийгмийн ээлтэй орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч тэднийг дэмжих үүднээс “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатарын санаачлагаар “Хараагүй иргэд”-ийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хамт олноор ажлын хөвөнтэй бээлий захиалан хийлгэх саналыг тавьсан байна. Энэхүү санаачлагаараа ДЦС-4 ТӨХК нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2012 оны арванхоёрдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тусгасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, 2011 оны 4-р сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдсан “Хөтөлбөр батлах тухай” /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 283 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, дэмжиж ажиллаж байгаа аж. “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэр”-ийн төвд монгол гэр, ажлын хувцас, бээлий, шүүр, щётка зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэрийн захирал З.Болдсайхан ДЦС-4-ын хамт олонд баярласан талархаснаа илэрхийлж бид чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлнэ” гэдгээ хэлжээ.