

Чингисийн талбай дээр Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв болон бусад холбогдох байгууллагууд хамтран Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ноогдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авч байна. Энэхүү санал асуулга нь дөрвөн өдөр үргэлжлэх юм. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах саналын эрхгүй байхаар заасан билээ. Компаний тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг хориглосон заалт байдаггүй тул Засгийн газрын уг тогтоолыг тодорхой заалт хууль зөрчиж байна гэж үзсэн байна . УИХ-ын гишүүн Ж.Батзандан, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15 хувийг эзэмшээд байгаа Монгол Улсын 2.1 сая иргэний 2.1 тэрбум ширхэг, 553 ААН-ийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол Улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт 16-р зүйлийн 16.3-р заалт компаний тухай хуулийн 34-р зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлаж байна хэмээн мэдэгдсэн билээ.

