Тавантолгойн гэрээнд санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулахаар болжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн гэрээг хэлэлцэх, эсэхийг шийдэх асуудлаар хуралдаагүй юм. УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний талаар санал дүгнэлт гаргах, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн учир байнгын хорооны хуралдаан санал дүгнэлт гарах хүртэл хойшилсон гэв.Энэ талаар Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-Таван толгойн гэрээг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлогдлоо. Ямар шалтгаанаар хэдий хүртэл хойшлогдсон бэ?

-Өнөөдөр Эдийн засгийн Байнгын хороогоор Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Учир ньУИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна.

Өнөөдөр УИХ-аас нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулж санал, дүгнэлт гаргана. Үүний дараа Эдийн засгийн Байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдвэр гараагүй байна. Ер нь Таван толгойн орд газрын ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах саналыг 2010 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэр гарсан байдаг. Үүнээс хойш олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. 

-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд багтаж гарах ёстой вэ?

-Ямар хугацаанд ажлын хэсэг дүгнэлтээ гаргахыг би хэлж мэдэхгүй байна. Засгийн газар УИХ-ыг яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Гадны хөрөнгө оруулалт багассан, төсвийн орлого тасраад байгаа ийм цаг үед яаралтай горимоор хэлэлцэх ёстой гэж Засгийн газар бидэнд шилжүүлсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ түргэн гаргасан тохиолдолд Эдийн засгийн Байнгын хороо хэлэлцэхэд бэлэн байна. 

-МАН-ын бүлэг Таван толгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн үү?

-Манай намын бүлэг Даваа гарагт хэлэлцээд Таван толгойн гэрээг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж дүгнэлтээ гаргасан.

-Ажлын хэсэгт ямар гишүүд орсон бэ?

-Ажлын хэсэгт хэн хэн багтсаныг хэлж мэдэхгүй байна . УИХ-аас ажлын хэсэг байгуулна. 

-Ардчилсан нам Тавантолгойн ордын 51 хувийг төр, 49 хувийг хөрөнгө оруулагчид эзэмших нөхцөлөөр гэрээ байгуулахыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ? 
-Гэрээг байгуулах чиглэлээр удаан хугацаагаар ажилласан Ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ маш тодорхой хэлэх байх. Миний хувийн бодол бол гаднын хөрөнгө оруулагчтай хувийн компанид лиценз, ордоо шилжүүлж өгөхгүй зүгээр хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож байгаа.Тийм учраас 51 хувь нь төрийн эзэмшилд, 49 хувь нь хөрөнгө оруулагчдын мэдэлд байна гэсэн асуудал хэлэлцээрийн явцад яригдаагүй болов уу гэж бодож байна. Үүнийг судалж үзэх шаардлагатай.
-МАН-ын бүлгийн хувьд Тавантолгойн гэрээний асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ? 
-УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.