

БНХАУ-д ардын хувьсгал ялж социалист нийгэм байгуулах замаар явахад гурван улсыг холбосон энэ төмөр зам ямар их үүрэгтэй байсныг өнгөрсөн зууны 50-60-аад онуудад 20 хэдхэн настай байсан өнөө цагийн 70-80 насны Орос, Монгол, Хятад ахмадууд нүдэнд нь баяр бахархлын оч гялалзан ярих нь лавтай. Энэ замыг барьсан, ашигласан буурлууд улам цөөрч УБТЗ минь ч хуучирлаа. Цаг үе, хоорондын харилцаа үндэс сууриараа өөрчлөгдсөн өнөө үед УБТЗ гурван улсад бизнесийн бодитой ашиг өгөх нэгэн ашиглаагүй нөөц биш гэж үү? Дорно-Өрнийг холбосон хамгийн дөт зам байгаа нь энэ УБТЗ-ын гол онцлог юмсан. Гэтэл яагаад өөр тийшээ анхаараад эхлэв.
Их санасан газар долоон шөнө хоосон
1. Дорнодын тал дундуур нэг төмөр зам тавиад Япон, Солонгосын хилийн боомтууд хүртэл нүүрсээ ачиж хүргэнэ гэнэ. Энэ асуудлаа өөр өнцгөөс нь нэг хараад үзвэл яасан юм бэ?
- Энэ нүүрс гэдэг бараа маань хэзээ болтол хоёр талдаа ашигтай бизнес байх юм бэ?
- Дэлхийн эдийн засагт одоогийнхоос ч илүү хямрал ирэхгүйг яаж батлах вэ?
- Байгаль орчны аюулгүйн асуудал газар сайгүй онц ноцтой яригдаж байгаа өнөө цагт газар нутаг багатай, хүн ам олонтой тэр улсуудын ард түмэн санаа нэгдэн хортой утаа ялгаруулдаг нүүрс ачсан Монголын вагоныг улсынхаа хилээр оруулахыг хориглох хүртэл эсэргүүцвэл ачих ачаагүй болсон нөгөө төмөр замаа бид яах вэ?
2. Улсынхаа хилийг хэд хэдэн газраар сэт татан гарсан бас нэг сонин төмөр замтай болж эхэллээ. Ийм шийдвэр гаргахын өмнө дараах хоёр зүйлийг бодсон л байхдаа!
- Газрын хэвлийн хамаг баялгаа түүхийгээр нь хямд үнээр гадагш зөөж хэдэн ногоон мөнгө олохгүй бол Монгол Улс амьдрах арга алга уу? Боловсруулах үйлдвэр байгуулах арга бодсонгүй юу? Малынхаа буяныг бүрэн гүйцэд ашиглах их нөөцийг харахгүй байна уу?
- Хамаг баялгаа өнөөдрийн бид сүйтгэчихээр хойч үеийнхний маань амьдрал нэн хүндрэх бус уу? Ихэс дээдэс учраа ололцохгүй удаан мунгинавал улс эх орон, ард түмний маань амьдрал өрөвдөлтэй байдалд орно биз дээ? Өнөөгийн загвараар бид улсаа “хөгжүүлбэл” Монгол нутагт тун удахгүй газар сайгүй хөндийлж ухсан нүх, овоолсон шороо, ус гол нь урсахаа больсон сайр, нуур нь ширгэсэн шалбааг, мал ч үгүй, хүн ч үгүй болсон хөдөө нутаг, ажил ч үгүй ядуус, гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн, хот суурингуудтай болох гунигтай ирээдүй хүлээж байна.
Хэдэн жилийн өмнө 7200 нэрийн барааг Европын холбоо руу татваргүй гаргана гэж тохиролцож байсныг бид санаж байна. Албаны мэдээ үзээгүй боловч их олонгүй нэрийн бараа гаргасан байхдаа гэж төрийн томчуудынхаа өмнөөс ичих юм. Манай улс хэдэн үйлдвэртэй билээ. Хэдэн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Манай бүтээгдэхүүний хэдэн хувь нь евростандартын шаардлагыг хангаж байгаа вэ? гэх мэтийг эрэгцүүлэн бодож л байж дээрх баримт бичигт гарын үсэг зурах хэрэгтэй байсан бус уу. Одоо бас БНХАУ-ын 7-8 боомт хүртэл нүүрсээ ачиж очоод далайгаар тал тал тийш нь ачуулах гэнэ.
Гэтэл ямар нэг шалтгаанаар, нүүрсний бизнес бүтэлгүйтвэл нөгөө хэдэн мухар төмөр замын хөдөлгөөн зогсож олон зуун төмөр замчны амьдрал хөөрхийлөлтэй болно. Бид нүүрснээс гадна ядахдаа арван хэдэн нэрийн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол нүүрсний бизнесийн эрсдэлээс айхгүй байхсан. Гэтэл тэр тухай бодохгүй, нөгөө л түүхий нүүрс хамгийн түрүүнд санаанд нь орж ирээд байдаг ямар учиртай нөхөд төр засгийн удирдлагад гарч ирээд байна вэ. Эд нарын маань ажиллах хугацаа багадаад байгаа юм биш үү.
10 жилд удирдлагаа шинэчилж сонговол арай даацтай бодлого хэрэгжүүлэх болов уу. Жишээлбэл, Нүүрсээ борлуулаад кокс-химийн бүтээгдэхүүн, төмөр, зэсээ хайлуулаад цувимал, цутгамал бүтээгдэхүүн, малын түүхий эдээ боловсруулаад арьс шир, ноос ноолууран бэлэн бүтээгдэхүүн экспортод гаргадагсан бол хэдэн ч төмөр зам, хаагуур ч тавьсан бай айж болгоомжлох юм алга. Харин өнөөгийн нөхцөлд шинэ төмөр зам барих энэ мэт адал явдалт мөрөөдөлд автаж дэлхийн инээдмийг хүргэж байхын оронд одоо байгаа Сүхбаатар-Замын-Үүдийн 1100 км төмөр замаа өөд татах хэрэгтэй бус уу.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги
Дорно-Өрнийг хамгийн дөтөөр холбодог энэ төмөр зам давуу байдлаа ашиглан “Шуурхай галт тэргийг шууд нэвтрүүлэх төмөр зам” болох ёстой юм. Манайхан энэ гол замынхаа ирээдүйг муу анхаарч байна. Миний төсөөлж байгаагаар энэ замаар шууд нэвтрэх галт тэрэг нь цагт 200-250 км хурдтай явах ёстой. Энэ зам нь цахилгаанжсан бөгөөд уулзваргүй хос зам бүхий хоёр талын чөлөөтэй хөдөлгөөнтэй, хайрган чигжээстэй, төмөр бетон дэртэй, хүчжүүлсэн зам төмөртэй, дохиолол холбооны хамгийн орчин үеийн системээр тоноглогдсон байх зэрэг шаардлагаас гадна огцом өгсөлт уруудалт, бага радиусын муруй тойруугүй, хамгийн боломжит шулуун зам байх ёстой. Энэ мэт шаардлагыг одоо байгаа манай зам аль ч талаар хангахгүй нь ойлгомжтой. Гэвч хуучин зам маань байснаараа байж л байг.
Энэ замыг орон нутгийн тээвэр, хот хоорондын тээвэр, зорчигч тээвэр зэрэг зориулалтаар ашиглана. Энэ замаа аажмаар сайжруулсаар хурдны замтай нь нэгтгэх шаардлага гарч ч болох юм. Харин мөрөөдлийн гэмээр энэ шинэ төмөр замыг барих хөрөнгө оруулагчийг хаанаас олж хэнээр бариулах вэ. Хамгийн зохимжтой бөгөөд боломжтой хөрөнгө оруулагч бол ОХУ, БНХАУ хоёр баймаар надад санагдана. Гурван улсын хамтарсан хөрөнгө оруулалттай ийм нэг сайхан төмөр замыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр Орос-Хятад барилгачид баривал сайндаа л нэг жилийн хугацаа орох байх даа.
Монгол Улсын Засгийн газраас ОХУ, БНХАУ-ын Засгийн газруудад санал тавивал зөвшөөрөхгүй байх ямар үндэс байна.Гурван улсад аль алинд нь ашигтай санал биш гэж үү?
Инженер Ж.Дагва
Сэтгэгдэл (1)