
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдлын талаар хуралдлаа. Хуралдаанд оролцсон “Би Жи Би Жи” ХХК-ийн менежер Н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компаний зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ хэллээ. Хуралдаанаар 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар байрны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй юм. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ яаралтай хийж оршин суугчдыг байранд нь оруулах боломжтой болох аж. Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
16 дугаар орон сууцны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан “Би Жи Би Жи”компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд:
Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгож, тус газар гаражийн барилга барьж иргэдэд худалджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгтийн 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус оны 565 дугаар захирамжаар “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын 2011 оны 06 сарын 16-ны өдрийн НЗД-ын 470 тоот эзмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
Дээрх газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй холбогдох эрх бүхий албан тушаалтныг тогтоож хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг үүрэгдлээ. Мөн тус захирамжинд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн цаашид авах арга хэмжээ буюу хөрсийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, хууль, журам зөрчиж барилгын ажил явуулж байгаа газруудын жагсаалт гаргах үүргийг холбогдох албаныханд өгөхөөр санал боловсруулахаар боллоо. Улмаар энэ асуудлыг ирэх пүрэв гарагийн хуралдаанаар танилцуулж, хэлэлцэхээр боллоо.



Сэтгэгдэл (1)