
Энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн байна. Үүнээс үүдэн нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийн усан хангамж тасрах нөхцөл үүссэн аж. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ахмад Н.Отгонбаатар “Баянзүрх дүүргийн товчооны баруун талд маш их хэмжээний ус оргилж байна” гэж НОБГ, УСУГ-т утсаар мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу УСУГ-аас аваарын бригад очиж засвар хийж өглөөний 05 цаг 10 минутанд хийж дуусган, горим тохиргооны ажлыг хийсэн байна.
Гэмтлийн улмаас 7 айлын хашаа усанд автаж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах ангийн нийт 12 албан хаагч ажилласан байна. Мөн УСУГ-аас Ус хангамж ашиглалтын албаны дарга Амарсанаа, Техник хяналтын хэлтсийн дарга Батхишиг, Шуурхай зохицуулалтын албаны дарга Давгасүрэн нараар ахлуулсан аваарын бригад 3 техник, 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж засварлажээ. иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газраа гүний худаг гаргаж нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчихгүй байхыг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс анхааруулж байна.