

Дуусашгүй шимтэй, дундрашгүй баялагтай энэ алимыг Дэлхий гэдэг юм. Гариг од эрхсийн дундаас амьд ертөнцийг цогцлоож, хүн төрөлхтнийг тэтгэн амилуулсан Дэлхий хэмээх энэ гаригтаа хүн төрөлхтөн бид маш их хайртай билээ. Цаг хугацааны эрхээр Дэлхийд байгаа бүхэн энгийн санагдаж, түүний хэвлийг онгичиж, үнэ цэнэтэй бүхнийг нь ахиухан уутлан авах сувдаг сэтгэл хүмүүст бий болж, гамшиг эхэлсэн юм.
Эх дэлхийд эмх замбраагүй байдал үүсэж, үйлдвэр, машины утаа, хорт бодис агаарт дэгдэж, энд тэндгүй сэндийлсэн газар үзэгдэнэ. Сагсайсан алимтай сайхан модны нэгэн алим ганцаархнаа өтөж, ялзарч, муудсан байна. Сансар огторгуйн энэ олон гаригийг алимтай зүйрлэбэл, тэр дунд ганцхан алим шаналж, зовж, тарчилж байна. Энэ бол дэлхий. Өтөж муудаад, сүйрлийн ирмэгт ирсэн дэлхийгээ аврахаар хорхой шавьж, жигүүртэн шувууд, ан амьтан, хүн төрөлхтөн нэгдэж байгаа тухай өгүүлсэн тоглолт удахгүй Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно. “Алим” нэртэй энэ хөтөлбөрийг циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар найруулжээ.
Хүүхдэд урлагийн боловсрол олгохын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалж, бусадтай нэгдэж, хамтран зүтгэж, сайн сайхныг цогцлоохын ач тусыг ойлгуулах энэ хөтөлбөрийг “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баттуяа санаачилсан юм. Тэрбээр сар гаруйхны өмнө “Петя чоно хоёр” симфони үлгэр тоглуулж, бяцхан үзэгчдийг сонгодог урлагт дурлуулж, олон төрлийн хөгжмийн зэмсгийг тэдэнд таниулж мэдүүлсэн юм. Энэ удаа тэрбээр циркийн урлагийг хүүхдүүдэд танилцуулахаар болжээ. “Алим” хөтөлбөрт акробат, гимнастик, жонглёр, тэнцвэр, чанга утас гэсэн циркийн үндсэн таван төрлийг танилцуулах юм байна.Циркийн урлагийг видео арттай хослуулсан энэ хөтөлбөрийн компютер графикчаар Г.Түвшинбат ажиллаж буй.
Удирдлага, зохион байгуулалтын баг
Продюсер Х.Баттуяа
Төслийн зохицуулагч П.Үүрийнтуяа
Маркетинг, борлуулалтын менежер Э.Саруулбуян
Уран бүтээлийн удирдлагын баг
Найруулагч Ю.Гэрэлбаатар \ХБК-ийн Циркийн тэнхимийн эрхлэгч\
Цомнол Ю.Гэрэлбаатар,
Видео, компьютер график Г.Түвшинбат
Тайз чимэглэл Г.Чимэд
Хөтлөгч Т.Төрболд \жүжигчин\, Э.Чинзориг \Дэль Карнеги трейнинг
сургалтын байгууллагын сургалт хариуцсан захирал\
Циркийн жүжигчид болон ХБК-ийн циркийн сургуулийн сурагчид
Гол дүрүүд-төрөл \жанар\
Ойн савдаг – Хөтлөгч
Ажилчид – Жонглер
Жигүүртэн шувуу – Полотна
Эрвээхэй – Цагиргаар наадагч
Сармагчин – Шидэлттэй акорбат
Дэлхий – Агаарын үзүүлбэр
“Алим” хөтөлбөр 2015.05.01, 03, 04, 08, 09-нд Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно. Холбоо барих дугаар 88054552, 86061133 . Тасалбарын үнэ 7000 төгрөг. Сургууль, анги хамт олноороо захиалж үзвэл автобусаар үйлчилнэ.