

Хүргэн Г.Дэнзэн хадам ах Н.Алтанхуягийн “шинэчлэлийн засаг”-ийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо “шийдлийн засаг”-ийн газрын ерөнхий сайдад 1.9 сая төгрөгийн цалинтай зөвлөхийн алба хашдаг аж. Мөн шаардлагатай үед цалингийн 30 хувийн нэмэгдэл авч ажилладаг гэнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн буруутай, буруугүйг тогтоохоос илүү хэргийн эзэн хэнгэргийн дохиур Г.Дэнзэн эх орондоо байхгүй байгаа нь асуудал болооод байна. Түүнийг “Хийсэн хэргээсээ мултрахын тулд хилийн чанадад зугтаж алга боллоо” гэх мэдээлэл гараад буй. Түүнчлэн олон нийтийн дунд“Я.Батсуурьт хамаг хэргээ тохоод өнгөрөх вий” гэх болгоомжлол ч үүсээд байна. Харин экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн, Г.Дэнзэн өөрийг нь“Хил даваад зугтсан” гэх мэдээлэл гарсан даруйд үгүйсгэсэн утга бүхий захидал илгээж байсан. Тэрээр захидалдаа надад хийсэн гэм байхгүй учир “Би буруугүй” гэж олон зүйл тоочих шаардлага байхгүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилсэн энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүй. Хэн нэгний гэм буруутайг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийднэ. Дахин хэлэхэд, миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх ороосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 4-нд эх орондоо очно” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү сүр дуулиантайгаар захидал илгээж, түүгээрээ дамжуулан мэдэгдэл хийж байсан“Хүргэн хүү” Г.Дэнзэн өнөөг хэр нь эх орондоо ирээгүй төдийгүй сураг алдарсан нь хачирхалтай. Түүнийг Монголд ирэхийг хүлээж ядсан хууль, хяналтын байгууллагынхан Я.Батсуурьт холбогдох хэргээс Г.Дэнзэнтэй холбоотой, “Говь повер”-т мөнгө шилжүүлсэн гэх үйлдлийг арга буюу тусгаарласан юм. МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлүүдээ олон нийтэд дэлгэхдээ “Говь повер” гэдэг компанийн булхай луйврыг илчилж, Н.Алтанхуяг, Ч.Уянга, Г.Дэнзэн гэх гурван хүний асуудлын сөхөж байсан билээ.Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэх тендерт ялсан гэх “Говь повер”-ийг АТГ-т шалгуулахаар өгч байсан билээ. АТГ тус компанийг хууль зөрчин тендерт ялсан эсэхийг шалгаж, “но”-той, булхайтай асуудал нэлээд байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байсан юм. Энэ үндэслэлээ прокурорт танилцуулж, “Говь повер”-ийн хэрэгт эрүү үүсгэн шалгахыг хүссэн боловч хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Д.Дорлигжав прокурор татгалзсан хариу өгч байсан. Алдарт 17 тэрбумын тендерийн хэрэг “энд хүрээд” өндөрлөх үү, ахин дахин шалгах уу гэдгийг Улсын ерөнхий прокурор н.Энх-Амгалангаас асуух л үлдлээ.
Сэтгэгдэл (1)