

Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны хажууд У.Ганбат захиралтай “Би Жи Би Жи” компани үерийн даланг сэтэлж ухах явцад тус байрны суурь хэсгийг хөндсөн учраас 16-р байрны даацын хавтан цуурч барилгад ан цав үүсч эхэлсэн байна. “Би Жи Би Жи” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан бөгөөд зөвшөөрлөө 2014 онд сунгуулжээ. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрлийг нь сунгасан гэх. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгогдож Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба гэгч гарын үсэг зуран зөвшөөрсөн байна. Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2014.07.22-ноос 2015.07.22 хүртэл нэг жилийн хугацаатай юм. Ийнхүү хаа хамаагүй зөвшөөрөл олгож, хаа сайгүй барилга барих болсны гай нэмэгдсээр л байна.

