
НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулсан юм. Төслийн хүрээнд өнөөдрөөс нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн 30 автобус, тролейбус үйлчилгээнд гарчээ. Тодруулбал, "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн I баазын М13 чиглэлийн 10 автобус, II баазын Т3 чиглэлийн 10 троллейбус, III баазын М51 чиглэлийн 10 автобусанд суурилуулан туршилтын үйлчилгээнд гаргасан байна. Туршилтыг ирэх долдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 1.200 орчим автобусанд цахим карт уншигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм. Төслийн хүрээнд “Хэрэглэгчийн төв” байгуулагдах бөгөөд “Цахим карт”-тай холбоотой асуудлуудаар иргэдэд үйлчлэх юм байна.
“Ухаалаг автобус” төсөл
Нийслэл хотод хэрэгжүүлэх “Ухаалаг автобус” төсөл нь хоорондоо уялдаа холбоо бүхий BMS /Нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем/, BIS /Мэдээллэх систем/, AFC /Автомат төлбөр хураалтын систем/ гэсэн гурван дэд төслүүдээс бүрдэнэ.
BMS буюу нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем нь автобусны байршил болон бүх үйл хөдлөлийг тухайн цагт шууд мэдээд зогсохгүй автобусны хөдөлгөөнийг бүрэн хянаж, удирдах, хот даяар нэгдсэн удирдлагаар хангах мөн автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой төлөвлөх систем юм.
AFC буюу автомат төлбөр хураалтын систем нь цахим картаар автобусны төлбөр хийх, тэдгээрийг хуваарилах бүртгэл хяналтыг сайжруулах систем юм. Уг системийг нэвтрүүлснээр нийтийн тээврэр зорчигч иргэд цахим картыг автобусны урд талын орох хаалганд байрлах карт уншигч төхөөрөмжинд уншуулснаар автобусны төлбөр хийгдэхээс гадна тухай зорчигчийн мэдээлэл, цахим картын мэдээлэл, төлбөрийн мэдээллийг бүрэн харах боломжтой юм байна.
Тэгвэл BIS буюу мэдээллэх систем нь зорчигчдод мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангах систем юм.
Үүнээс гадна автобусанд зорчиж явахдаа хэрэгцээт мэдээ мэдээлэл, зар хүлээн авах, хяналтын камерын тусламжтайгаар хулгайн гэмт хэргэс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна. Харин карт цэнэглэх, худалдах төвийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүрүүд, сонин зардаг мухлаг болон бусад үйлчилгээний байгууллагууд гэх мэт 500 цэгүүдэд байрлуулах юм байна. Гэхдээ зорчих үнэ нэмэгдэхгүй хэвээр хадгалагдахаар болжээ.
Сэтгэгдэл (2)