
Манай улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрвэл “толгойг нь илээд” л явуулчихдаг гэхэд болно. Ийм зөрчил гаргасан этгээдийн эрхийг хасдаг боловч жолооны эрхгүй ч дахин машин барих явдал түгээмэл гардаг. Одоо мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аюулгүй байдлыг замын цагдаа болон замын хөдөлгөөнд оролцогч гэсэн хоёр ангиллын хүрээнд зохицуулалт хийдэг. Шинэ хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зам, тээврийн хэрэгсэл, хүн-орчин гэсэн гурван төвшинд хангуулах аж. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклийн малгай хэрэглэх олон улсын стандартыг нэвтрүүлэхээр тусгажээ. Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Мөн хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор тус тус заажээ.
Гадаадын өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөний ямар дүрэм, заалт баримталдагыг доорхи зурагнаас үзнэ үү
