

2015 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 00:45 цагт Төв аймгийн Зуунмод сумын нутаг, тавдугаар хорооны Шинэ хороололд оршин суух 26 настай Т гэртээ хоолойн тус газраа хутгалуулж амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан юм. Түүнтэй хамт байсан найз бүсгүй болох Э нь хоолойн тус газраа болон хэд хэдэн газар хүйтэн мэсний шархтайгаар аймгийнхаа эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний биеийн байдал маш хүнд, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Учрыг тодруулбал талийгаач Т нь төрсөн ах Б-ийн уулздаг, бүр сар гаруйн хугацаанд хамтран амьдарч байсан Э гэх бүсгүйтэй уулзах болсноос үүдэлтэй гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б найз бүсгүй Э болон өөрийн төрсөн дүү Т нарыг эр эмийн харилцаа холбоотой болсонг мэдээд, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Э-г Улаанбаатар хотод байх ажлаас нь 20 цагийн орчимд авчээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн зогсоолоос Төв аймаг руу явах суудлын жижиг тэргэнд хамт сууж, Төв аймгийн Зуунмод сум руу явсан байна. Улмаар дүү Т-г өөрийн төрсөн дүү болох М-ийнд байгааг мэдэж, гэрт нь дуудаж ирүүлсэн аж. Сэжигтэн Б болсон хэрэг явдлын талаар мэдүүлэхдээ “Тэр өдөр би эхнэрээ дагуулж дүүгийнхээ гэрт орсон. Тэгээд “Чи миний төрсөн дүү, харин чи миний эхнэр шүү дээ. Юу болоод байгаагаа ярь” гэхэд миний дүү болох талийгаач “Чи яах юм, бид хоёр явалдаа л биз” гэж хэлэн шүүгээнээс улбар шар өнгийн иштэй хутга гаргаж ирсэн. Улмаар хутгаа надад өгөөд “Намайг чаддаг юм бол алчих” гэж хэлсэн. Тэгээд л нэг мэдэхэд дүүгээ хутгалчихсан. Тэгээд миний дүүг унахад миний эхнэр байсан Э тэврээд суусан, би араас нь хоолойг нь зүссэн” хэмээжээ. Ухаан алдаад сэргэсэн бүсгүй Э өөрийн найз руу “Яаралтай ир, би үхлээ” гэсэн мессэж илгээсний дагуу найз нь ирж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Сэжигтэн Б-г хэрэг үйлдээд цагдаагийн газар луу явж байх замд цагдаагийн алба хаагч баривчлан шалгахад хийсэн хэргээ өөрөө хүлээжээ. Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэгт сэжигтэнээр тооцон, цагдан хориод байгаа бөгөөд хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн 91.2.12-т “Онц харгис хэрцгий аргаар хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заажээ.
Сэтгэгдэл (2)