Аялгуу шингэсэн өглөөний хүн

 

“Миний хүү юм хийвэл хүнд хэрэгтэй л зүйл хийгээрэй.Хэрэв хийж чадахгүй бол хүнд хэрэггүй зүйл бүү хийгээрэй” гэж миний их багш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан сэрүүн ахуйдаа захьсан сан.Нээрэн ч, чадахгүй хэр нь хүнд хэрэггүй, элдэв зүйл хийгээд дэмий байх хэмээн бодож, аль болох багшийнхаа захисны дагуу явахыг хичээдэг юм.Гэвч өөрт ногдсон ажлаа чадварлаг гүйцэтгэж, хамт олондоо, салбар мэргэжилдээ хэрэгтэй, үнэ цэнэтэй амьдардаг хүн энэ орчлонд, тэр дундаа эх оронд маань хэр олон бол.Тийм л хүн өөртөө болон ойр орчиндоо жинхэнэ аз жаргалыг бүтээж чаддаг хэмээн би итгэдэг.

Харин тэдний нэгд УБТЗ-ын Улаанбаатар зүтгүүрийн депогийн сургалтын инженер Х.Сүрэнжав багтах мэт санагдсан юм.Учир нь, “Дарав ч далдайна, булав ч бултайна” гэгчээр түүнийг хэн ч магтан өргөмжилж, олны дунд мандуулаагүй атал мөрөөрөө ажлаа гүйцэтгэж явсаар аль хэдийнээ хамт олныхоо дунд үнэтэй хүн болж, өөрийн эзлэх байр суурийг дархалжээ.Түүнтэй уулзаад ярилцаж суухад “Аливаа хүн ямар нэгэн мэргэжил эзэмшиж, түүнийхээ дагуу ажилтай байж болно.Харин мэргэжилдээ, гүйцэтгэж буй ажилдаа эзэн нь байгаад зогсохгүй, хамт олондоо үргэлж хүндлэгдэж байдаг хүн л үнэ цэнэтэй хүн юм байна” гэж бодогдсон юм.Тэрбээр, 1963 онд Хандсүрэн хэмээх айлын зургаан хүүхдийн хоёр дахь хүү нь болон мэндэлжээ. Тэрбээр, хуучнаар ЗХУ-ын Москвагийн Төмөр замын тээврийн инженерийн дээд сургууль дүүргэжээ.

Ажил, мэргэжлийнхээ талаар тэрбээр, “1981 онд төгсөлтийн уралдаант шалгалтаар энэ мэргэжлийн хуваарийг санал болгоход ямар учиртайг нь асуухад “Вагоны толгойн инженер.Москвад сурна” гэж тайлбарлахад нь “Тэгье” гээд л авсан.Намайг “Москвад...” гэдэг үг нь л татсан хэрэг.Манай гэрийнхэн дотор төмөр замын хүн огт байгаагүй.Тэгэхээр хувь заяа л юм байлгүй.Улаанбаатар зүтгүүрийн депод Д.Гэсэржав даргын үед ажилд орж байлаа. Бага байхад гадаадын нэг кинон дээр, гэрийн үүдэнд нь “Инженер ...” гэсэн хаяг хадаатай байсныг үзээд “Инженер гэдэг их л мундаг хүн юм байна даа” гэж бодож байсан санагдана.

Дарга удирдлагууддаа чирэгдэнэ, нөхөдтэйгөө хамтарна, ажилтнуудтай ярилцана.Тэгж ажилласаар яваад өнөөдөр энэ мэргэжлээрээ санаж бодсоноо хүнд хэлэхтэйгээ л болж байна.Харин орчуулгын хувьд ажлын шаардлагаар заавар, журмаас өгсүүлээд их, бага зүйл орчуулах шаардлага байнга гардаг.Тэгсээр яваад орчуулга дээр нэлээд цаг зарцуулдаг болж дээ” хэмээн хурдтай хэр нь даруухан өнгө аястай ярих ажээ.Түүнтэй хамт ажилладаг дотны найз, сургалтын инженер Б.Баяраа нь “Бид хоёрын зан төрхийн хувьд ойролцоо зүйл их бий.Бие биеэ маш сайн ойлгодог.Манайхан Х.Сүрэнжавыгаа “Сүүгий” л гэж дууддаг юм.Сүүгий маань их бүтээлч, аливаа хийж буй зүйлтэйгээ удаан зууралдаад байдаггүй.Маш хурдтай.Тэрэнд нь нийцэж, гологдохгүй ажиллах хүн олдохгүй шүү.

Гэвч тэр хийсэн ажил нь их чамбай, хэнд ч гологддоггүй” хэмээн магтах аж.Ер нь, Х.Сүрэнжавын тухай хамт ажиллагсдынх нь хэнээс нь ч асуусан “Ажилдаа, нөхөрлөлдөө үнэнч, хийж эхэлсэн ажлынхаа эцсийг нь заавал үзэж байж сэтгэл нь амардаг хүн дээ” гэх.Харин түүнтэй анх уулзсан, доод тушаалд нь очсон зарим хүн гадна төрхийг нь хараад эмээж, уулзахаас бэргэдэг ч халдаад ирвэл их зөөлөн, хүнд өгөөжтэй, нийтэч болохыг нь таньдаг гэнэ.Хамт олон нь “Манай Сүүгий ямар ч ажлыг хурдтай хийдэг нь хоол идэхээсээ л эхлээд харагдана даа.Хурдан ч ярина шүү дээ” хэмээх нь түүгээр бахархаж буй нь илт.

Түүнээс “Таныг хамт олон чинь их үнэлдэг юм билээ.Тэгэхээр салбараас ч юм уу, эсвэл төр засгаас олон шагнал өгөв үү” гэхэд инээмсэглэн байснаа “Ажлыг маань үнэлээд салбараас болон төрөөс шагнасан.Гэхдээ ах нь, нэр алдрын хойноос хөөцөлддөггүй юм.Хамгийн чухал нь ажилдаа л үнэнч байж, хойч үеийнхэндээ зааж сургах хэрэгтэй” хэмээн чин сэтгэлээсээ хариулав.“Түүний чин хүсэл нь, УБТЗ-ын үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, чадварлаг залуусыг олноор нь бий болгох, хойч ирээдүйдээ өөрийн сурсан мэдсэнээ харамгүй үлдээх юм байна” гэдгийг уулзаад ярилцсан хүн төвөггүй ойлгоно.Үнэхээр ч түүнийг найз нөхөд нь “Манай Сүүгий нэр алдар хөөсөн бол аль хэдийнээ гавьяат болчих байсан даа.Өөрийнхөө гараар бүтээсэн, амжилттай болсон ажлаа хараад л шагнал авсан мэт баярладаг хүн” хэмээн дурссан. Харин Х.Сүрэнжавын олон жилийнх нь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж “Алтангадас” одон, “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин” цол, тэмдгээр шагнажээ.

Түүнчлэн, 1994, 2014 оны УБТЗ-ын “Шилдэг инженер”, Улаанбаатар татах хэсгийн 1993, 2010, 2011 оны “Шинийг санаачлагч аварга”, 1994, 1999, 2014 оны “Аварга инженер”-ээр шалгарч байсан аж. Мөн УБТЗ-ын “Шинэ бүтээл, ашигтай загвар-2011” болзолт уралдаанд  тэргүүн, 2010 онд дэд байрт шалгарч байсан байна. Энэ нь, түүнийг хэр шинийг санаачлагч хүн бэ гэдгийг тодхон харуулах болов уу. Тэрбээр, АНУ-ын “Женерал Электрик” компаний DASH7, ОХУ-ын ТЭМ18ДМ илчит тэргийг худалдан авч Монголд ашиглах, "2ЗАГАЛ"-ын модернизацийн ажил гэх мэтчилэн шинэ техник, технологи нэвтрүүлэхэд тогтмол идэвхтэй гар бие оролцсон гэдгийг нь төмөр замчид андахгүй мэднэ. Ер нь, оюутан байхдаа ч түүнийг Толгой сайтай хүүхэд байсан” гэж оюутан цагийнх нь нөхөд ярьсан нь бий.

Тухайлбал, 1981 онд хойд хөрш рүү хамт сургуульд явсан, одоогийн Зүтгүүрийн албаны ерөнхий инженер, гавьяат тээвэрчин Л.Ганбаатар “Х.Сүрэнжав шударга, зорьсондоо хүрдэг, барьж авсан ажлаа эргэж буцалтгүй дуусгадаг хүн дээ.Бид Москвад хамт сурч байлаа.Маш толгой сайтай, хүүхдүүдийн дунд гайхагддаг байсан юм шүү.Орос хэлээс гадна өөрөө бие дааж Англи хэл сурсан” гэсэн бол мөн оюутан цагийнх нь найз, одоо Тээврийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, багшаар ажиллаж буй Ч.Наранцэцэг “Намайг Москвад очсоны дараа жил Х.Сүрэнжав очсон санагдана.Би тухайн үед эхнэр Ш.Энхтуяатай нь нэг өрөөнд амьдардаг байлаа.Тэр үед л манай хоёр танилцаад, удалгүй гэр бүл болсон доо.

Бид Сүүгийг хараад гайхдаг байсан юм.Учир нь, хичээлээ давтах, өөрийн болгох өвөрмөц арга техниктэй.Эхлээд хими, дараа нь математикаа гэх мэтчилэн нэг барьж авсан хичээлээ гартаа бүрэн хийгээд дараагийнх руу нь ордог, их ухаантай хүүхэд байсан.Өглөө их эрт босно.Залуус оройн цагаар охидыг кино үзэх ч юм уу, ямар нэгэн зүйлд урьдаг байтал мань хүн өглөө эрт Ш.Энхтуяаг дагуулаад л гарна.Агаарын сайханд Москвагийн гудамжаар зугаалдаг байсан юм билээ.

Тэгээд л хөгжмийн дэлгүүрүүдээр явж дээр үеийн алдартай хамтлагуудын пянз худалдаж авна.Мөн амьтны дэлгүүрээс загас авчраад өрөөндөө аквариумд тэжээнэ” хэмээн дурссан.Тэд өдгөө ч гэр бүлийн сайн найзууд аж.Эхнэрийнхээ тухай тэрбээр “Бид хоёр Москвад нэг сургуульд, нэг мэргэжлээр сурч, нэг дотуур байранд амьдарч байсан.Нэг гэрт ороод 34 жил болж дээ.Ялгаа нь тэр маань эрчим хүчний, харин би тээврийн салбарт ажиллаж байна.Төмөр зам, Дулааны IV цахилгаан станц аль, аль нь тасралтгүй ажиллагаатай, үйлдвэрийн газар болохлоор хэн хэнийхээ ажил мэргэжлийг сайн ойлгодог.Шөнө утас дуугараад нойрыг нь хулжаахад, төвөгшөөж байсныг нь санахгүй юм байна.Тэгээд ч би 2000-аад оны эхээр IV цахилгаан станцын шинэчлэлтийн төсөл дээр хэсэг хугацаагаар ажилласан болохлоор, тэдний ажил биднийхээс илүү хэцүү болохыг өөрийн биеэр мэдэрсэн дээ” хэмээн эхнэрээ ихэд хайрлан өгүүлсэн юм.

Тэр хоёр ханилаад нэг хүү төрүүлсэн нь өдгөө гэр бүл болж, ач хүү төрүүлж өгсөн нь одоо эмээ, өвөөгийн амьд бурхан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, инээд хөөр бэлэглэгч нь болоод буй.“Ач хүү маань бид хоёрын амь шүү дээ” гэнэ.“Амралтын өдөр бүр ач, хүүхдүүд маань манайд ирнэ.Хамт ганц хоёр хоноод явна.Зун зусланд очихоор ээж нар ойрхон, бид орж гарна.Тэр л сайхан даа” хэмээн хуучилна.

Х.Сүрэнжавын гэрт нь ороход л гайхамшигтай, хөгжим сонирхдоггүй хэн ч болов уусч, хөгжимд дурлахаар юм билээ.Өөрөөр хэлбэл, уран бүтээлийнх нь өрөө тэр чигтээ 60, 70, 80-аад оноос авахуулаад өнөө цагийн хүртэлх гадаадын алдартай хамтлагуудын пянз өрөөстэй байх агаад хэд хэдэн пянз тоглуулагч суурилуулжээ.Мөн CD, VCD, DVD, хуурцаг төрөл бүрээрээ бий.Түүнд байгаа пянзнуудаас нэлээд хэд нь “Манай улсад байгаа ганцхан хувь” гэвэл би л лав эргэлзэхгүй.Жил бүр гадаадад аяллаар, эсвэл ажлаар явахдаа өөрт нь байхгүй пянз, хамтлагуудын зурагт хуудас, тухайн хотынхоо бэлгэдэл болсон зүйлийн сувенир зэргийг авчирна.Аяллын зургаа зочны болон бусад өрөөнийхөө хананд жаазлан байршуулна.

Орсон хүнд аз жаргалтай гэр бүл ёстой л нэг “үнэртэнэ” дээ.Түүнийг пянз гэж юу болох, бусад төрлөөсөө юугаараа онцлог тухай яривал сонсоод л баймаар санагдана.“Чихэвчээ зүүгээд, пянзаа бариад, дүрс бичлэгийг нь үзээд, сонсоод суухад 60, 70, 80 ондоо эргээд оччих шиг л санагдаад, сайхан шүү. Тэр сэдвээр бол хэнтэй ч сайхан хуучлаад яриад суучихна” хэмээн шүүгээн дэх пянзнуудаа гарган үзүүлж, сонсгож, яг л хүүхэд шиг... 

Гэргий Ш.Энхтуяа нь "Бид хоёр оюутан байхаасаа л гэр бүл болж, өдий олон жил  хамт амьдарсан болхоор яг л нэг хүн шиг болсон.  Хэн хэнийхээ ажлыг ойлгож, хүндэлдэг...” хэмээсэн нь аз жаргалтай гэр бүлд хайр дурлал хэзээ ч өтөлдөггүй болохыг нотолно.Х.Сүрэнжав “Гадныхантай хамт ажиллахдаа юмыг заримдаа арай өөр талаас нь, өөр нүдээр харж, болж л өгвөл гадаад, дотоодоор явж амрангаа юм үзэж, нүд тайлж байх хэрэгтэй юм байна гэж бодох болсон.Япон, Австрали, Америк, Филиппин гэх мэт хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хандлага, хэлсэн үгэндээ эзэн болдог байдал нь манайхнаас арай л өөр шүү.Заримдаа өөрсдөөсөө ичиж, зовмоор санагддаг юм.Аялж явахдаа сайхан зүйлийг нь ч, саарыг нь ч, аль алиныг нь үзэх сонирхолтой.Эхлээд гоё ганган барилга, буудал, ресторан харах нь сайхан байсан бол дараа нь байгаль, ан амьтан гэх тал руугаа сонирхох болсон.Одоо энгийн ахуй амьдрал, үүх түүхэд нь илүү татагдаж байгаа.

Сүүлийн үед зурагтаар, “National geographic”,  “Пятница” гэх мэт суваг их үзэж байна даа” хэмээсэн нь түүнийг ямар их өргөн сонирхолтой, түүнийгээ өөртөө мэдлэг, чадвар болгон авч чаддаг болохыг таниулсан юм. Ер нь, Х.Сүрэнжав аливаа ажилд дутуу дулимаг, хайхрамжгүй хандаж буй хүнд итгэдэггүй нэгэн.“Миний хувьд гар, сэтгэл нийлдэг, өөр өөр мэдлэг чадвартай 1-2 хүнтэй нийлээд аливаа юмыг барьж авах дуртай.Хүн бүр өөрийн арай илүү мэддэг, чаддаг гэсэн зүйлээрээ ажилдаа хувь нэмрээ оруулж байвал хийсэн бүтээсэн зүйл нь амьдралд үлдэцтэй болдог.Нэг нь хаана юу хэрэгтэйг, нөгөө нь хэрхэн бүтээх арга замаа мэддэг, сэтгэдэг, харин нэг хэсэг нь ойлгож дэмжиж байхад нөгөө хэсэг нь урлаж дархалж, бас нэг хэсэг нь ажилдаа хэрэглэж, нэвтрүүлж байж үр дүн нь гардаг” гэх нь түүнийг хэн бэ гэдгийг илтгэнэ.Тиймдээ ч зарим хэвлэлээс ярилцлага авах гэхэд асуултыг нь авч үлдээд өөрөө хариулж бичээд өгдөг тухайгаа ярьсан удаа бий.“Сайхан ярилцаад л явуулахад буулгахдаа хайхрамжгүйгээс ч юм уу, эсвэл мэдэхгүйгээсээ үг буруу бичих тохиолдол бий.

Тухайлбал, “Төмөр бетонон дэр мод...” гээд л бичсэн байх жишээтэй.Тэгээд “Яагаад ингэв” гээд асуухаар “Хүмүүс “Дэр мод” л гэж яриад байдаг болохоор нь тэгж бичих байх гэж ойлгоод” гэнэ.Мэргэжлийн хүмүүс уншаад “Энэ дэр чинь төмөр үү, бетон уу, эсвэл мод юм уу” гээд л шоолно шүү дээ.Хийж буй ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.Тэр чинь цагийн цагт чиний бүтээл болж үлдэнэ, чиний л нэр гарна” гэж билээ.Түүнийг хүүхэд байхад нь хүмүүс “Томоотой” гэдэг ч бага зэрэг үймүүлдэг байсан тухайгаа хуучилсан юм.“Арван жилд байхдаа, харахад дуугүй, томоотой юм шиг хэр нь, “юм шүглэчихсэн”, янз бүрийн хэрэг тарьж л явсан байдаг.Ямар сайндаа сургуулийн пионерын бүлгэмийн зөвлөлийн дарга маань надад “8А ангийн Сүрэнжавыг дуудаад ир.Зодоон хийсэн байна.Задарсан нөхөртэй ярихгүй бол болохгүй болжээ” гэдэг юм байна.Уг нь, тэр нь би л дээ.Гэхдээ толгойд нь намайг тэгнэ гэж бодоогүй хэрэг.

“Би...” гээд хэлэх гэтэл “Алив хурдан гар” гэдэг юм байна.Өрөөнөөс нь гарч жаахан байж байгаад эргээд ортол харж байснаа өөр Сүрэнжав нэртэй хүүхэд байхгүйг санаад гэнэт царай нь хачин болж билээ.Гэхдээ нэг их загнаагүй ээ.Намайг "номын, томоотой" гээд бодчихсон байснаас өөрөө л эвгүй байдалд орчих шиг санагдсан.Тэр явдал яагаад ч юм санаанаас гардаггүй юм.Хүний итгэлийг алдах сайхангүйг л харуулсан сургамж юм даа” хэмээхэд нь нээрэн ч өөрт нь итгэсэн хүнийхээ итгэлийг алдана гэдэг яавч сайн зүйл биш гэдгийг ойлгосон юм.Харин түүнийг нөхөд нь “Чи Нэгдүгээр сургууль төгссөн юм уу, эсвэл 33 дугаар сургууль төгссөн юм уу” гэж асуудаг гэсэн.Учир нь, тэрбээр Нэгдүгээр сургуульд есдүгээр анги хүртэл сураад 33-т очиж төгссөн юм билээ.

Тиймээс аль алинтай нь “Манай 10 жилийн төгсөлтийнхөн” гэнэ.Мөн дээд сургууль нь ч яг ижил гэж байгаа.Өөрөөр хэлбэл, 1986 онд сургуулиа төгсөлгүй ирж төмөр замд ажиллаж байгаад буцаж очоод 1990 онд төгссөн байна.Тиймээс мөн л хоёр төгсөлтийнхөн нь “Манай ангийн Сүүгий” гэдэг болжээ.Х.Сүрэнжавынх өдгөө Баянзүрх дүүрэг, XIII хороололд амьдарч буй.Өмнө нь, тэднийх Төмөр замын байранд амьдарч байсан гэдэг.Тэгэхэд яг дээд давхрынх нь айл Р.Раш даргынх, доод айл В.Отгондэмбэрэл даргынх байсан юм билээ.

Энэ тухайгаа тэрбээр “Би тувт л хөгжим чанга дуугаргана.Хүмүүс цугларна.Хоёр даргынх яаж ч тэсч байсан юм бол доо.Тэгсэн хэр нь найзууддаа тоглоомоор “Би ч хүнд нөхцөлд амьдарч байна даа” гэж хошигноно.Хоёр даргын хооронд болохоор орж гарахаас өгсүүлээд, миний бүх зүйл тэдний нүдэнд ил байгаа шүү дээ.Гэхдээ үнэн хэрэгтээ би л тэднийг хүнд байдалд оруулж байсан байх” хэмээн дурсан ярьсан юм.Түүнээс “Би их эртэч хүн.Эрт босч, хөгжим сонсоод явахад ажил сайхан бүтдэг” гэхийг нь олон удаа сонсоход “Энэ хүн ерөөсөө л, тэр чигтээ аялгуу шингэсэн өглөөний хүн юм байна” гэж бодогдлоо. Ийнхүү ажил мэргэжил, ур чадвараа бусдадаа түгээсэн, хайр халамжаа гэр бүлдээ шингээсэн, уулзсан бүхэнд илч гэрэл, аз жаргал бэлэглэж буй “Аялгуу шингэсэн өглөөний хүн”-ий тухай өгүүлэхэд сэтгэлд нэг л дулаан байна.

Сэтгүүлч М.Наранболд

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (216.185.39.120)
    Ийм их пянзтай айлд орж үзэх юм сан, сайхан юмаа
    2015 оны 04 сарын 23 | Хариулах