

Монголд гудамж талбайн самбар, хаяг, зарын сайтуудад хяналт тавих цаг болсон нь олон баримтаар харагдаж байна. Хамгийн наад захын жишээ нь энд тэндхийн хашаан дээр харагдах “Гулгаа массаж”, “Саун” гэх утасны дугаараас өөр зүйлгүй зарын самбар хаа сайгүй харагдах болсон. “Гулгаа массаж” гэхээр хэн хүний санаанд бумба тавин гулгуулж массаж хийдэг гэх төсөөлөл бууна. Харин саун, массажийн газарт хийж буй энэхүү гулгаа массаж нь тэс өөр аж. Өөрөөр хэлбэл, массажистууд биеэ тослон үйлчлүүлэгчийнхээ дээр нүцгэнээр гулгаж массаж хийхийг “гулгаа массаж” гэж нэрлэдэг гэнэ. “Гулгаа массаж” гэх энэ 2-хон үгний цаана далд бизнес, биеэ үнэлэлт, элдэв төрлийн гэмт хэрэг явагдаж байна. Их хотод сурах нэрийдлээр ирээд их сургуулиа орхиж “шөнийн эрвээхэй”-н амьдралд орсон охид ярихдаа: “Сургуулиа 1,2 дугаар курсээс орхисон. Эцэг эх маань мэдээгүй. Нэг удаа бэлгийн харьцаанд ороход 40-60 мянган төгрөг авдаг. Бидэнд ийм саналыг нэг таньдаг эгч маань тавьсан. Байрны төлбөр, хоол, эмэгтэй хүний будаг шунхаас эхлээд мөнгө хэрэгтэй болсон учраас энэ замыг сонгосон” гэх аж. Хэтэрхий амар хялбар амьдралыг сонгож “биеэ үнэлэгчид” болсон эдгээр охидын цаана өнөөх л бэлгийн замын өвчин, ДОХ, гэр бүл салалт, гэмт хэргийн золиос, хүний наймаа өрнөж байна. Үүнээс гадна биеэ үнэлэлт, хүчин, хулгай дээрмийн хэргийн хамгийн том обьект нь төвлөрсөн зарын сайтууд болоод байна. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн “2-р бүлгийн 4.1-т Биеэ үнэлэхийг хориглоно. 4.2-т Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулж, 4.2 заалт буюу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, биеэ үнэлэх явдлыг санхүүжүүлэх, орон байраар хангах, зуучлах, тээврийн хэрэгсэл ашиглах тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, торгох арга хэмжээ авах, тээврийн хэрэслийг нь улсын орлого болгоно гэсэн заалтыг хүчингүй болгож оронд нь биеэ үнэлэхийг хориглоно гэсэн заалт оруулсан. Энэ заалтаас үүдэн зөвхөн биеэ үнэлэгч нарыг баривчлах арга хэмжээ явагдаж байна. Үүнээс болж, гулгаа массажны цэгүүд олширсоор байна. Гудамж талбайнд 5 алхаад тааралдах хаяг, байршил хаа нь мэдэгдэхгүй, ийм төрлийн самбар байршуулах, үүнд хяналт тавих, шалгах, хариуцлага тооцох механизмыг чангатгах хэрэгтэй болоод байна. Тиймээс энэ хуулийг эргэн харж, хариуцлага тооцох системийг сэргээж, хуулиа чангатгахгүй бол биеэ үнэлэлт далд хэлбэрээр цэцэглэсээр байна.
Сэтгэгдэл (15)