

Өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралт, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү нар гал түймэрт өртсөн аймгуудын талаар мэдээлэл хийлээ. Олон хоног үргэлжилсэн гал түймрийн үеэр нэг хүн нас барсан гэх албан бус мэдээлэл гарсан. Харин энэ мэдээлэл худлаа болохыг ОБЕГ-аас мэдэгдлээ. Мөн ОБЕГ-ын ажилчид бэлэн гоймонгоор хооллож байгаа гэдэг нь худлаа, алба хаагчдыг даган хээрийн гал тогоо ажиллаж халуун хоол, цайгаар хангаж байгаа гэдгийг хэлсэн юм. Ерөнхийлөгч гал унтрааж буй ОБЕГ-ын алба хаагчид болон иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг үүрэгдсэн байна. Засаг дарга нар цаг тухайд нь шуурхай ажилласанг ОБЕГ-аас мэдэгдсэн. Хуульд зааснаар сумын засаг дарга нар тухайн суманд аюул осол, гамшиг гарсан тохиолдолд онцгой байдлын даргаар давхар ажиллах үүрэг хүлээдэг байна. Энэхүү заалт аймгийн засаг дарга нарт ч хамааралтай юм. Түймрийн тархалт хүчтэй салхины улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хэд хэдэн сум болон аймгийн нутаг дэвсгэрийн ихээхэн хувийг хамарсан учир аймгийн засаг дарга нар байдлыг гартаа авч ажилаа эхлүүлсэн. Гэвч иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үйдэн гарсан гал, хойд хөршөөс хил даван орж ирсэн түймрүүд ихээхэн газар нутгийг хамран, иргэдийн гэр, мал шатаж хохирол учраад байгаа юм. Сүүлийн нэг сарын хугацаанд түймэр унтраахаар ажиллаж байгаа алба хаагчид ядарч сульдсан байдалтай байгаа. Иймээс Засгийн газрын хуралдаанаар нийт 1.2 тэрбум төгрөгийн төсвийг гарган өгсөн байна. Дөрвөн газар гарсан томоохон түймрүүд одоог хүртэл намжаагүй байгаа. Онцгой байдлын комиссын гишүүн, ХХАА-ын сайд Н.Бурмаа Дорнод аймагт ажиллахаар явжээ. Мөн хувь хүн болон иргэдийн тасламжийн цувааг зүүн нутгууд руу явуулж эхэлсэн. Орон нутгийн газар тариалангийн компаниуд анжистай тракторуудаа дайчилж ажиллаж байгаа билээ. Мөн сумын дэлгүүрүүдэд шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгох зэргээр тусламж үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)