Согтуугаар жолоо барьвал 384 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Тоёото приус” маркын автомашины жолооч 9 настай хүүхдийг  дайрч зугтаасан хэрэг гарсан. Мөн Баянзүрх дүүрэгт  “Тоёото кроун” маркын жолооч  согтуугаар жолоо барьж явахдаа 37 настай иргэн “Т”-г мөргөжээ. Хохирогч биеэ авч явах чадваргүй  согтуу байсан байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осолд нийтдээ долоон хүүхэд өртжээ. Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Мөн хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор тус тус заажээ. Жолооч болон зорчигч хамгаалалтын бүсээ хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцвол 9 мянган төгрөгөөр торгоно. Энэ нь арын суудалд суугаа зорчигчид ч  хамааралтай гэдгийг онцлон анхааруулж байна. Мөн жолооч автомашин барьж явах үедээ утсаар ярьсан тохиолдолд мөн л 9 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Монголын хувьд жолооч нар аюулгүйн бүсээ зүүж хэвшээгүй. Хэрвээ бүсийг зүүж хэвшвэл ослоос болж бэртэл гэмтэл авах, амь насаа алдах эрсдэл 50 хувиар буурах боломжтой аж. Тиймээс аюулгүйн бүсээ зүүлгүй хөдөлгөөнд оролцсон жолооч, дэргэдэх зорчигч нарт Захиргааны хариуцлага хүлээлгэх заалт оруулжээ. Бусад орнуудын замын хөдөлгөөний дүрмийн заалтууд:

Беларусь улс согтууруулах ундаа хэрэглээд хөдөлгөөнд оролцсон жолоочийн тээврийн хэрэгслийг хурааж авах,

Италид тээврийн хэрэгслийг нь хурааж аваад давуу эрхтэйгээр өөрсдөд нь буцааж зарах.

Хятад улс 1000–2000 юанийн торгууль, 6 сарын хугацаатайгаар жолоодох эрхийг хасах.  Согтууруулах ундаа хэрэглэж байгаад хүний амь нас хохироовол цаазаар авах ялтай

Тайвань улс  15,000-90,000 Тайвань долларын торгууль (өнөөдрийн ханшаар 941850-5651100 төг), 1 жилийн жолоодох эрхийг хасах.

Канад  улс хамгийн багадаа 50 долларын торгууль

Энэтхэг улс зургаан сарын хугацаатайгаар хорих, 2000 рупигийн торгууль, давтан зөрчил гаргавал гурван жилийн хорих ял, 3000 рупигийн торгууль

Перу улс 0.05% доош гарвал жолооч анхааруулга авна. 0.05% ба түүнээс дээш бол 6 сараас 2 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулна. Осол гаргавал хорих ялаар шийтгүүлэх магадлалтай

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BB (202.179.28.120)
    384.000 TUG TIIM IH MUNGU BISHEE,TORGUULIIN HEMJEEG 1 SAY TUGRUG BOLGOOCH.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах