
Засгийн газрын хуралдаанаар ой хээрийн түймэрт өртсөн 44 өрхөд иж бүрэн гэр олгохоор шийдвэрлэжээ. Мөн гал түймрийн бүсэд ихээр шаардагдаж байгаа 9 автомашиныг орон нутагт шилжүүлэх, түймэрт өртсөн бэлчээрийн даацгүй болсон малчин өрхүүдэд 730 тонн өвсийг Сүхбаатар, Төв, Булган, сумын нөөцийн сангаас нийлүүлэхээр болсон байна. Эдгээр гаргасан өвс, гэр, машин техникийн нөхөн бүрдүүлэлтийг энэ оны 4-р улиралд багтаан хийхийг Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгажээ. Үүнд шаардагдах 460 сая төгрөгийг Улсын нөөцөөс гаргахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх болон түймрийн зурвас татах зориулалт бүхий байлдааны зургаан ширхэг техникийг ОБЕГ-т шилжүүлэхээр болжээ. Үүний зэрэгцээ улс орон даяар ойн түймрээс сэргийлэх ажлыг нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгж өндөр хэмжээнд зохион байгуулахыг тус тус даалгажээ.