40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 гаруй мал хорогдож түймэр гамшигийн хэмжээнд хүрчээ

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адарга, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Булган-Агт суманд гарсан 6 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх  арга хэмжээний талаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар мэдээлэл хийлээ.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү

Түймрүүдийг цурманд оруулсан ч салхины хүч их байгаа тул түймрийг унтраахад бэрхшээл учруулж байна. Түймрийн голомтонд Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийлээд нийт 1760 гаруй, 600 гаруй орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Салхины хурд 10-20м/с хүрч байгаа нь түймэр цурманаас  алдагдах, дахин түймэр гарч болох аюултай нөхцөл байдалд байгааг дурьдлаа.Мөн Хаврын хуурай улирал эхэлсэн байгаа учир ил задгай гал гаргахгүй байх, тамхины иш хаяхгүй байх, анхаарал болгоожмтой байж үнс нурмаа ил задгай асгахгүй байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд амь нас, гэр орон, эд хөрөнгөө авран хамгаалах мэдлэгтэй байх ёстой гэдгийг анхааруулж байна.

Ажлын хэсгийн ахлагч Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар:

Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн гэр оронгүй болоод байна. Мөн 3000 гаруй мал хорогдсон тооцоо гарсан. Байгаль экологид үнэлж баршгүй их хохирол учирч байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын байгалийн үзэсгэлэнт газар , ховордсон ан амьтан түймэрт өртөн, устаж байгаа нь нүд хальтрам харамсалтай санагдаж байна. ОХУ-аас 4-5түймэр орж ирсэн. Бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан . Түймэр олон хоног үргэлжилсэн аймгуудын нөөц хөрөнгө дуусаад байгаа. Тиймээс Засгийн газар хуралдаж шаардлагатай техник, хэрэгсэл, шатахуун, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөж байна.

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян

“Түймрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчид болон ард иргэдэд тусалцаа үзүүлэх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага Онцгой байдлын ерөнхий газар олноороо хандаж байгаад нь талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Талх чихэр ХХК, Мах Импекс ХХК, Баянгол зочид буудал ХК, Милл Хаус ХХК, Хатансүйх Импекс ХХК, Далай ээж, Зоргол хайрхан ХХК, зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олон өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн, цалингаа хандивлаж, тусламжийн цувааг орон нутаг руу явуулж байна. Мөн Скайтел ХХК түймрийн голомтонд ажиллаж буй тус компанийн хэрэглэгч 300 гаруй албан хаагчдад зориулан урамшуулал олгосныг хэлэхэд таатай байна” гэж хэллээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.