
Он гарснаас хойш 71 удаа ой хээрийн түймэр гарчээ. Улсын хэмжээнд энэ сарын байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой хээрийн түймэр гарч 213 га ой, 225,273 га ой, хээрийн бүс шатжээ. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт 8 удаа, Сүхбаатар аймагт 10 удаа гал түймэр гарчээ. Дээрх гарсан ой хээрийн түймрийг өнгөрсөн оныхтой харьцуулахад түймрийн тоо 1.3 хувь өссөн үзүүлэлттэй байна. .
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Л-ийн асгасан үнс нурамнаас болж дэгдсэн түймэр бүхэл бүтэн сумын нутаг дэвсгэрийг галдаад байгаа. Монгол Улсын Үндсэн хуулинд гал алдаж ихээхэн хэмжээний хохирол учруулсан этгээдэд Эрүүгийн хариуцлага, торгуулийн арга хэмжээ авна гэж заасан байдаг.Хэнтий аймгийн Хөх чулуу гэдэг газраас эхэлсэн түймрийг бүрэн унтрааж чадаагүйн улмаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт аймгийн нутаг дэвсгэр руу дамнан орсон юм. Түймрийн талаар мэдээлэл авсан даруйдаа Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг 156 иргэн, 14 автомашин, 2 мотоцикль, 4 трактор, 1 ковштойгоор гал унтраахаар очиж ажилласан байна. Гэвч хүчтэй салхины улмаас түймэр газар авч гамшгийн хэмжээнд хүрээд байна. Түмэнцогт сум нь аймгийн төвөөсөө 150км зайтай байдаг.
Түймэр газар авсаар 100 гаруй км газрыг эзлэн аймгийн төвд 50км ойртоод байна.Түймрийн үеэр 22 айл орон гэргүй болсон. Эдгээр иргэдэд Улсын онцгой комиссоос гэр өгсөн байна.Мөн 3000 гаруй мал түймэрт өртжээ. 10 гаруй аж ахуйн нэгж болон иргэдийн автомашин шатсан байна. Нутгийн малчин Х.Эрдэнэхүү, Г.Мөнхбат нарын гэр хашаатай мал, мотоцикль түймэрт өртсөн байна. Харин тэд ойролцоох худгийн нөмөрт хоргодож амь аврагджээ. Цагдаагийн байгууллагын шинжээч нар хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг руу гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт үүрэг өгсөн. Засгийн газар дэмжлэг үзүүлэн ОБЕГ-ын ажилтанууд гал унтраагчдын аюулгүй байдлыг хангаж, мөн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллаж байна.