

Францын Лион хотын Консерваторын симфони найрал хөгжмийг 20 настай монгол охин Баярбаатарын Нандингуа удирдаж эх орныхоо нэрийг гаргалаа. Тиймээс бид Б.Нандингуатай онлайнаар холбогдож, дараах ярилцлагыг хийсэн юм.
- Лионы оркестрыг Монгол охин удирдсан тухай сайхан мэдээ сонслоо. Юуны өмнө өөрт тань баяр хүргэе?
-Таньд маш их баярлалаа.
-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Баярбаатарын Нандингуа гэдэг. Би одоо Францын Лион хотод амьдарч байна. Энд 17 настайдаа ирээд, дөрвөн жил болох гэж байна. Лионд ирснээсээ хойш хийл хөгжмөөс гадна удирдаачийн хичээл үзэж, олон оркестртой тоглосон.Би удирдаачаар гурван жил сурсан бөгөөд энэ жил сургуулиа төгсөж байгаа юм. Тэгээд багш маань таван шавиараа Лион хотын консерваторын оркестрыг удирдуулах боломж олгоод бид сайхан туршлага хуримтлууллаа.
-Одоо сургуулиа төгсчихсөн гэсэн үг үү?
-Би энд хийлээрээ суралцаж төгсөөд жил хагас болж байна. Гэхдээ цаашид Францад хоёрхон байдаг Conservatoire national supérieur musique et danse (CNSMD) буюу Францын үндэсний дээд консерваторт орж ахин хийлээр сурахаар бэлдэж байгаа. Харин удирдаач болохын тулд дипломын боловсрол эзэмшихээсээ илүүтэй сайн багш дээр сурах шаардлагатай байдаг. Би одоогоор 3 жил суралцсан гэсэн эхний шатны дипломтой байгаа гэж хэлж болно. Цаашид гүнзгийрүүлж сурах хүсэлтэй болохоор өөр сургуульд давхар суралцанав Ингэж хоёр сургуульд зэрэг сурах нь Францад түгээмэл л дээ.
-Хөгжмийн боловсролыг багаасаа эзэмшсэн үү. Монголд байхдаа ямар сургуульд суралцаж байсан бэ?
-Би 5 настайдаа СУИС-ийн төгөлдөр хуурын ангид явж байгаад, 6 настайдаа Хөгжим бүжгийн коллежийн/ХБК/ хийл хөгжмийн ангид Ж.Баярсайхан багшийн шавь болж орж байлаа. Дараа нь гавъяат Л.Алтанцэцэг багш маань надад хийл зааж цаашид хөгжмөөрөө явах үндэс суурийг тавьж өгсөн. Мөн ХБК-ийн Ч.Чинбат багш анх удирдаачийн хичээл зааж, би сургуулийнхаа цөөхүүл хөгжмийн ансамблийг удирдаж байлаа.
-Тэр үед хэдэн настай байсан бэ?
-Тэр үед 14 настай байсан санагдаж байна.

-Их багаасаа удирдаач хийх гараагаа тавьжээ. Цаашдын төлөвлөгөө, зорилго их байгаа байх?
-Надад төлөвлөсөн зүйл их байгаа, гэхдээ одоо ярихад жаахан эрт байна. Эхлээд энд дахин мэргэжлээ дээшлүүлж, хийлээрээ илүү сайн сурна. Түүнийхээ хажуугаар удирдаачаар суралцана. Монголынхоо нэрийг өндөрт өргөж явах их том үүрэгтэй л гэж бодож явдаг. Өдөр тутамдаа эх орныхоо нэрийг гаргахыг хичээнэ дээ.Энэ боломжийг ашиглаад ХБК-ийн бүх багш нар болон аав ээж, гэр бүлдээ хандаж намайг өдий зэрэгт хүргэж, хөгжимтэй амьдралаа холбоход минь тусалсанд маш их баярлаж байгаагаа хэлье.
-Аавыг тань урлагийн хүн гэсэн?
Тийм ээ, энд аавынхаа тухай ярихгүй өнгөрч болохгүй. Миний аав Даваасүрэнгийн Баярбаатар гэж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч, найруулагч хүн бий. Саяхан “Их хатад” бүжгийн жүжгээ хийсэн та мэдэх байх. Би ааваасаа авъяас өвлөсөн гэж боддог, анх намайг Европт суралцах уу гэж явуулж байсанд нь их баярлаж явдаг. Миний аав урлагийн хүн болохоор намайг их ойлгоно. Нэг л болж өгөхгүй байвал өөрөө гадарлаад яаж давтахыг минь зааж өгдөг, үргэлж миний ард байж бүх зүйл дээр зөвлөгөө өгч, маш их дэмждэг.
-Эх орноо, ээж аавыгаа санаж байна уу. Амралтаараа Монголдоо ирэх үү?
-Эх орноо их саналаа, 4 настай дүүгээ бүр их санаж байна. Энэ зун Монголдоо очиж сайхан амарнаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа Нандингуа, хичээл сурлагад тань амжилт хүсье. Эх орныхоо нэрийг дуурсгасан сайн уран бүтээлч болоорой.
-Их баярлалаа, таньд ажлын амжилт хүсье.

Б.Нандингуа багшийн хамт 4 дүгээр сарын 9-ны тоглолтын үеэр
Хүүхэд байхдаа Монголын Эмнести Интернэйшнл-д нэгдэж хүний эрхийн төлөө үйл ажиллагаанд хийлээрээ “зэвсэглэн” оролцдог байжээ.


Б.Нандингуа аавын хамт

Лионы үндэсний оркестрт

Удирдаачийн сургуулилалт хийж байна
Эх сурвалж: entertainment.eagle.mn