
/Бодрол/
Энэхүү бодролын эзэн, эрхэм хүмүүн Эрдэнэбатын Балжинням ахыг анх 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр эчнээ таньдаг болсон билээ. Хар багаасаа спортод ойр өссөн надад сагсан бөмбөг, хөлбөмбөг гэдэг хоёр спорт дэндүү ойр байсан нь зүйн хэрэг. Одоо ч ойр байсаар л байна. Тэгэхэд “TV-9” телевизээр сөөнгөдүү хоолойтой, донжлог яриатай нэгэн ах хүү хөлбөмбөг тайлбарлаж эхэлсэн нь олон хүнд таалагдсан юм. Энэ ч утгаараа түүний тайлбартайгаар хөлбөмбөг үзэх гэсэн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байсны тод гэрч нь би билээ. Ямар сайндаа л огт хөлбөмбөг сонирхдоггүй, үзэг цаас нийлүүлэхээс өөрийг мэддэггүй миний аав хүртэл хөлбөмбөг гэдэг спортод хорхойсох болж билээ. Тэр ч байтугай Стивен Жеррард, Фрэнк Лампард, Жанлужи Буфон, Андрей Пирло зэрэг хөлбөмбөгчний нэрийг аль хэдийнэ таньдаг болоод зогсохгүй “Тэр чинь тэгж гэнэ”, “Энэ чинь тэгсэн гэсэн” хэмээн ярих болсон юм. “Хэн тэгж байна” гэж асуух тоолонд “Яагаав, нөгөө Балжинням өчигдөр тэгж ярьж байна лээ” хэмээнэ.
2010 оны дэлхийн аваргын үеэр үүнийг бичиглэгч миний бие утга зохиолын ноён оргилуудын хамт төрсөн нутагтаа очсон юм. Дундговь аймгийн төв Мандалговь хотод долоо хоног саатахад хөлбөмбөгийн дэлхийн аваргын яриа бидний гол сэдэв байлаа. Ялангуяа Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн ахын буудаллаж асан өрөөнд ороход өнөө л дэлхийн аваргын тухай ярьж суух. Тэгснээ “За, Зөнбилэг өнөөдөр орой хөлбөмбөг үзнэ биз дээ” гэхэд нь би “Тэр ч мэдээжийн хэрэг. Та үзнэ биз дээ, Лхагваа ах” гэхэд “Балжинням тайлбарлавал үзнэ, тайлбарлахгүй бол үзэхгүй” гэдэг байгаа. “Яагаад тэр билээ” гэхэд “Балжинням л тайлбарлахгүй бол давсгүй хоол идэж байгаа юм шиг сонин санагдаад байдаг юм” хэмээж билээ.
2013 оны өвөл арваннэгдүгээр сарын дундуур би гэдэг хүн албан тушаал, ажлаа сольж “СПС” телевизийн найруулагч хэмээх мундаг том албанд томилогдов. Дөнгөж ороод хоёр, гурав хонож байтал гаднаас нэг л танил дуу сонсогдох нь тэр. Төд удалгүй өрөөний хаалга сэвхийтэл онгойж, Балжаа ах /бид түүнийг ийн авгайлдаг юм/ ороод ирлээ шүү. Тэгснээ манай контентийн албаны дарга Б.Цагаанбаатартай баахан буу халж гарлаа. Ярьж буй ярианд нь хүн итгэхэд бэрх. Би ч дотроо “За ёстой сайхан залж байна даа” гэж бодсон юмдаг. Тэгсэн мань нөхөр баахан ярьж ярьж явах болохынхоо алдад “Миний ярьсан юмны 50 хувь нь үнэн, 50 хувь нь худлаа шүү. Дүү нар авах гээхийн ухаанаар хандана биз” гэж хэлчихээд гараад явчихдаг гэж байгаа.
Амьдрал хэмээх их далайд хөл алдаж живэхийг алийг тэр гэх вэ. Ялангуяа ардчиллын салхи сэвэлзсэн тэртээх он жилүүд ахимаг хийгээд дунд эргэм насны бүх л хүнд хүндхэн туссан нь гарцаагүй. Яг л энэ он жилүүдэд сэлүүргүй завиар далайг туулах хүндхэн даваа монголчуудад тулгарсныг миний насныхан болон надаас арай дээд үеийнхэн тун ч андахгүй. Байрны ах нар бор дарсанд шунах болж, энд тэндэхийн булан бараадан хүүхэд, хөгшидгүй дуудаж мөнгө шаналгадаг цаг байлаа. Энэхүү бодролын гол баатар ч гэсэн энэ цаг үеийг тойрч өнгөрөөгүй дайрч гарсан нь зүйн хэрэг. Бор дарсны эрхшээлд гүн нэвтэрсэн тэрбээр нэг л өдөр “Миний амьдрал энэ биш юм байна” гэж ухаарсан нь том олз болов. “Эрэг нурж, эр энддэг энэ орчлонд хамгийн том ялалт бол хүн өөрийгөө ялах ялалт байдаг юм” хэмээн Л.Толстой хэлсэн нь бий. Үүн лүгээ нэгэн адилаар амьдралаа, өөрийгөө ялж гарсан түүнээс өнөөгийн залуус бид суралцах зүйл маш их бий гэдэг нь ойртох тусам, таних тусам мэдрэгдэж байдаг билээ л...
Уг нь түүний үндсэн мэргэжил орос хэлний багш. Хуучнаар Орос хэлний дээд сургуульд оюутан явсан гэж байгаа. Гэхдээ багшийн ажлаас илүү хар багаасаа сонирхсон хөлбөмбөг нь түүнд шинэ амьдрал бэлэглэсэн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Ер нь л хүн дуртай ажлаа хийж, дуртай дуугаа дуулж явах шиг жаргал хаа байх билээ. Гэвч сурсан занг сураар боож болох биш. Багш мэргэжил эзэмшсэн түүнд зааж зөвлөх хүн бишгүйдээ л таарна. Хамгийн ойрмогхон жишээ гэхэд л өнөөгийн “СПС” телевизийн нүүр царай болсон Х.Амгалан, Л.Оюу-Од нарт өөрийн уншсан, судалсан зүйлээсээ бишгүйдээ л хэлж ярьж, зааж зөвлөж байгаа харагддаг юм. Манай хоёр ч гэсэн дуртай нь аргагүй сонсож, зарим зүйлийг нь тэмдэглэн авч байгаа харагдана. Энэ мэт шинэ тутам төрөн гарч ирж буй залуу авьяастнуудад өөрийн мэдлэгээсээ харамгүй хуваалцах нь түүний гэм биш зан гэлтэй. “Ямарваа нэгэн хурц авьяас тодрон гэрэлтэхийн хамгийн том шалтгаан бол хэн нэгнээс хурцлагдаж, ирлэгдэж явдагт юм” хэмээн суут хүмүүн А.Пушкин хэлсэн нь бий.
Үнэхээр Эрдэнэбатын Балжинням ахын гэрэлтэн гялтганах, тодрон гэрэлтэх болсон том шалтгаан нь нэгэн үеийн дүү тайлбарлагч нарын нөлөө гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз ээ. Батзаяа, Энхбаяр, Нанжид зэрэг олонд танигдсан хөлбөмбөгийн тайлбарлагч нарын үг ярианд хурцлагдаж өөрийгөө ирлэсэн нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэхэд болно. Иймийн шалтгаанаас ч “Балжинням”-ын гэх тодотголтой хөлбөмбөгийн үг хэллэг, зүйрлэл бий болсон буй за. Жишээ нь, “Хөлбөмбөгийн бурхан тэнгэр”, “Петр Чехийн хаалга гандангийн хаалга шиг тайван байна”, “Чоно турж үхсэн газар” гэх мэтчилэн өнгө донжийг нь яв цав нийцүүлсэн эл зүйрлэлүүд үзэгч түмний чихэнд танил, дасал болсоор удаж байна.
Дэлхийн хөлбөмбөгийг Монголын үзэгчдэд таниулахад оруулсан, оруулж яваа түүний хувь нэмэр маш их гэдэгт өнөөдөр маргах хүнгүй болжээ. Хар багаасаа л хорхойсон дурлаж, хөлбөмбөгийн ид шидэнд автсан түүний энгэр дээр төрийн одон медаль гялалзах цаг ойрхон бий гэдэгт үнэн голоосоо итгэж явдаг хүний нэг нь би билээ. Өнөөдрийн байдлаар “Ногоон талбайн соёлыг ингэж их түгээсэн хүнийг хайгаад лав олохгүй” /Д.Төрбат-Төрийн шагналт, СГЗ, яруу найрагч/ хэмээсэн аавын үгээр энэхүү бичил бодролоо өндөрлье.
Хөлбөмбөгийн гайхамшиг үргэлжлэн үргэлжилж...
Хөлбөмбөгийн бурхан тэнгэр Та бүхнийг мөнхөд ивгээх болтугай.
Төрбатын Зөнбилэг Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт, яруу найрагч