

Хэнтий аймгийн Баян-овоо сумын Хөх чулуу гэдэг газар, малчин Л-ийн хотонд энэ сарын 13-ны өдөр түймэр гарчээ. Уг түймрийг бүрэн унтрааж чадаагүйн улмаас хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн хил давж орж ирснийг иргэн н.Номинцэцэг сумын ЗДТГ-т мэдээлсэнээр 15.30 цагт Онцгой байдлын газарт мэдээлэл өгчээ. Түймрийг унтраахаар нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамарч уг түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн онцгойгоос 34 албан хаагч, дөрвөн автомашинтай, Хэнтий аймгаас 47 алба хаагч гарч ажиллаж байгаа гэнэ. Мөн түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн төвөөс болон Түмэнцогт, Мөнххаан сумдаас 201 иргэн, 22 автомашинтай, Баян-Овоо сумаас 165 хүн,14 автомашинтай, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан овоо сумдаас 72 хүн, найман техниктэйгээр унтраахаар туслаж буй гэнэ. Тухайн түймрийг унтраах нэмэлт дуудлагаар НОБГ-аас 12 албан хаагч, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, Дорноговь аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, нэг автомашинтай нэмэлтээр гарч түймрийн голомтонд очжээ.
Сэтгэгдэл (1)