

Онгон зэрлэг Монголын тал нутагт цагаан зээр хэдэн зуун мянгаараа багширна. Сахлаг өвстэй уудам талд цагаан зээрийн сүрэг дураараа давхилдана. Дэлхий дээрх бүх цагаан зээрийн дөрөвний нэг нь Монголд байна гэж эрдэмтэд тооцоолсон юм. Эх орон минь бахармаар баян билээ. Монголын цагаан зээр хэдэн мянгаараа сүрэглэдэг нь гайхалтай. 10 мянга юм уу түүнээс дээш тоо толгойтой сүрэг байдаг л зүйл. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 80 мянган толгойтой сүргийн тухай мэдээ бүртгэгджээ. Дорнодын хээр талыг хамарсан их түймэр,цаг агаарын хуурайшилт цагаан зээрийг нутгаа орхиход хүргэх вий. Нутгийн хашир малчдын ярих нь,хээрийн амьтад дайжих, дүрвэх болохоороо олноороо нэг дор цуглах нь бий гэлцэнэ. Монголын тал нутгийг хүчит техник нойрноос нь сэрээж, хөгжил дэвшлийг наашлуулан айсуй. Хэдэн жилийн өмнөөс эхэлсэн газрын тосны хайгуул,олборлолтын ажил өрнөж байна. Дорнод Монголын 250 мянган ам.км тал нутаг бол Өвөрмонгол, Манжуурыг бүхэлд нь хамарсан 1.5 сая ам.км экосистемээс онгон зэрлэгээрээ үлдсэн сүүлчийн хэсэг гэж эрдэмтэд ярьж байна. Цагаан зээр,бүсгүй хүн хоёр нутаггүй гэдэг. Өнөөдөр хэдэн арван мянгаараа сүрэглэх цагаан зээр хаашаа ч цахилж мэднэ.