

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарч, улмаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр зэрэг сумдын нутгийг хамарсан түймэр гараад байгаа билээ. Тус түймрийг өнгөрсөн шөнө цурманд оруулж бүрэн унтраасан байна. Гэсэн ч харамсалтай нь түймрийн улмаас Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч одоогоор түймрийн хохирлын хэмжээг албан ёсоор гаргаагүй байгаа аж. Улсын онцгой комисс яаралтай хуралдаж дээрх 18 айлд гэр олгохоор шийдвэрлэж, гэрүүдийг ачсан машин хөдөлсөн гэнэ. Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225,273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэхүү 71 түймрийн 35 нь зөвхөн Дорнод/17/, Хэнтий/8/, Сүхбаатар/10/ аймгуудад гарсан бөгөөд энэ гурван аймгийн нийт нутгийн 90 орчим хувь нь хуурайшилттай байгаа юм байна.