

Он гарснаас хойш “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шил шилээ дарсан осол гаргах болсон талаарх баримтыг“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа баримтаар дэлгэж, онцлосныг та бүхэнд хүргэж байна.
БАРИМТ-1: Энэ оны нэгдүгээр сард “Air Сhina” компанийн онгоц “Чингис хаан” нисэх буудлаас нисэх гээд тусгай зориулалтын замаар хурдаа нэмэн явж байсан аж. Ингээд газраас хөндийрч хөөрөх гээд өндөр хурд авч эхэлсэн үед нислэгийн зохицуулагч гэнэт зогсох дохио өгчээ. Хурдтай явж байсан онгоцыг гэнэт тормос гишгэж зогсоосноос болж дугуйных нь наклад хагарсан байна. Ингээд яагаад зогсоох дохио өгснийг асуухад “Нисэхийг зөвшөөрсөн дохио өгөх гэж байгаад андуураад зогсоох дохио өгчихлөө” хэмээсэн гэх. Ийнхүү нислэгийн зохицуулагчийн андуурлаас болж онгоц эвдэрч, нислэг гурван цагаар саатжээ. Улмаар энэ асуудлаас болж “Air china” компани ослын акт гаргуулан их хэмжээний мөнгө нэхэмжилсэн талаарх эхний баримтыг нийтэлжээ.
БАРИМТ-2: Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Улаанбаатараас Бээжин рүү ниссэн ОМ онгоцонд 30 гаруй бууны сум шалгалгүй явуулсан байжээ. Үүнийг нь Бээжингийн нисэх онгоцны буудлынхан хяналт шалгалтаараа илрүүлсэн байна. Уг нь манай нисэх онгоцны буудалд буу, сум, тэсрэх бөмбөг, хутга гэх мэт зэвсгийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэж байгааг илрүүлдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж байдаг аж. Энэ тохиолдолд манай иргэний агаарын тээврийнхнийг эрсдэлтэй зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж буруутган акт гаргаж мөнгөө нэхэмжлэх магадлалтай талаар дурджээ.
БАРИМТ-3: Хоёрдугаар сарын 28-нд өндөр настай нэгэн зорчигчийн шүдэнзний хайрцагт хийсэн байсан алт, мөнг, үнэт эдлэл нь алга болсон юм байна. Тиймээс тэрээр нисэхийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн бөгөөд цагдаа нар тухайн өдөр ажиллаж байсан нисэх онгоцны буудлын ажилтнуудыг шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар нисэх будлын ажилтнууд “Шүдэнзний хайрцаг байхаар нь хогийн саванд хийчихсэн юм. Хогийн савнаас алга болсон байх” гэх зүйлс ярьжээ.
БАРИМТ-4: Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд Аэрофлот А 320 аяллын онгоц “Чингис хаан” нисэх буудалд буухдаа шувуутай мөргөлдсөн осол гарчээ. Осолдсон онгоцыг буусны дараа хяналт шалгалт хийхэд дөрвөн ятуу шувууны толгой гарч ирсэн гэнэ. Мөн хөдөлгүүрээс хоёр ятуу шувуу гарч ирсэн байжээ. Дээрх онгоц нисэх буудалд буух үед сүрэг шувуутай мөргөлдсөн байж болзошгүй бөгөөд мөн л осол юунаас болж гарсан талаар техникийн акт тогтоолгосон гэх мэдээлэл байна.
БАРИМТ-5: Дээрх осол болсноос гурав хоногийн дараа мөн шувуунаас болж осол гарчээ. Токиогоос Улаанбаатар чиглэлийн Мист 502 ОМ аяллын онгоц шувуутай мөргөлдсөн байна. Уг нь нисэх онгоцны буудал орчим амьтан, шувуу зэргийг хөөх, шувуу байгаа эсэхийг хянаж шалгадаг эргүүл хамгаалалтын газар байдаг аж. Тэд нисэх буудлын ойролцоо байгаа шувууг үргээж холдуулдаг байна. Гэвч эргүүл хамгаалалт, харуул хамгаалалтын хэлтсийнхэн ажилдаа хайнга хандсанаас ийм зүйл болжээ.
БАРИМТ-6: Агаарын тээврийн МИАТ компанийн онгоц энэ сарын 7-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас БНСУ-ын чиглэлд хөөрөхдөө, агаарт цаг гаруй эргэлдсэн бөгөөд юунаас болж онгоц агаарт хөөрчихөөд эргэлдэж нисэх болсон нь тодорхойгүй. Энэ талаараа МИАТ ХК тайлбарлахдаа “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 7-ны өдрийн 09:51 цагт хөөрсөн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ-301 дүгээр агаарын хөлөг шатахуун зарцуулалт жигд байгаа эсэхийг нягталж, баталгаажуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор 10:53 цагт эргэж газардаад холбогдох журмын дагуу зохих арга хэмжээ авсан. ОМ-301 дүгээр аяллын нислэг аюулгүй хэвийн үргэлжилж, БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 14:37 цагт хэвийн газардсан” гэсэн байгаа юм.
Сэтгэгдэл (1)