Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо Чингисийн талбайд хүндэтгэн угтана​

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Унгарын Ерөнхийлөгчийг Чингисийн талбайд албан ёсоор угтан авна​. Уг албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 16 хүртэл үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай  уулзана.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж хоёр тал үзэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.