
Н.ДӨЛ
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаас бүх нийтийн эрүүл мэндийн асуудлаар зарим асуултад тодруулга авсныг уншигчдадаа толилуулъя.
-Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар нэлээд өөрчлөлт орсныг хүмүүс сонирхож байна. Энэ талаар тодруулж хэлж өгнө үү?
-Өмнө нь хэдий хугацаагаар ажиллаж байснаасаа шалтгаалаад 12, 18, 24 сарын тэтгэмжийг төрийн үйлчилгээний ажилтнууд тэтгэвэрт гарахдаа авдаг байсан. Харин одоо эрүүл мэнд, боловсрол, соёл спортын салбарынхан сүүлийн гурван жилийн цалингийнхаа дунджийг ажилласан жилээрээ үржүүлээд авах боломжтой болсон. Үүнийг хуулиар өөрчилж оруулсан учраас боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд энэ тэтгэмжийг авахад тэдэнд ашигтай хувилбараар асуудал шийдэгдсэн.
-Эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний салбарын ажилтнууд 3-5 жил ажиллаад урамшуулал авдаг, харин туслах ажилчид авдаггүй. Энэ ямар учиртай вэ?
-Хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор урамшуулал хасагдах шахсан. Гэхдээ энэ бол сум орон нутагт, ялангуяа мэргэжлийн боловсон хүчнээ байршуулах төрийн бодлого учраас намын бүлгийн нөхдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл 3, 5 жилд авдаг хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын урамшуулал хэвээрээ үлдсэн, харин туслах ажилтнуудын хувьд бол тэтгэвэрт гарахдаа ч энэ урамшуулалд хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл, мэргэжлийн эмч, сувилагчийг тэнд байгаа жолооч, тогооч хэзээ ч орлож чадахгүй. Тиймээс туслах ажилтнуудад биш нутгийн мэргэжлийн боловсон хүчин ажилтнуудад үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй. Харин тэтгэмжийн хувьд бол урьд нь туслах ажилтнууд авдаггүй байгууллагынхаа үзэмжээр гурван сарынхыг авдаг байсан бол одоо шинэчлээд Засгийн газарт өргөн барьсан журмаар туслах ажилтан ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа жолооч, тогооч, үйлчлэгч, асрагч нар тэтгэвэрт гарахдаа эмч, багш нартай яг адилхан тэтгэмж авахаар болсон.
-Улсын эмнэлгийн ачаалал их байгаагаас дугаар хүлээх бэрхшээл иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Үүнийг зохицуулах талаар гарц байна уу?
-Энэ хууль хэрэгжих болсноор иргэн таны эмнэлэгт оочерлодог, заавал нэг улсын эмнэлэгт очиж өчнөөн хоног явдал чирэгдэл болдог байдал өөрчлөгдөнө. Яагаад гэвэл, өнөөдөр шинээр батлагдсан эрүүл мэндийн хуулиар иргэн та эмнэлгээ сонгох эрхтэй болж байгаа. Ирэх долдугаар сарын 1-нээс хойш ийм бүрэн эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, танд чанартай, шуурхай, аюулгүй тусламж хүргэж чадах тэр эмнэлгийг та өөрөө сонгоно. Таны сонгосон эмнэлэгт эрүүл мэндийн даатгал улсын эмнэлэг байна уу, хувийн эмнэлэг байна уу хамаагүй үйлчлэх болно. Иргэн бүр өөрийн гэсэн цахим карттай болно. Тэр цахим картаа тухайн эмнэлгийн картын машинд уншуулаад төлбөрөө хийгээд улсын, хувийн эмнэлэг гэхгүй аль, алинд нь үйлчлүүлж болно. Энэ бол үйлчилгээний давуу тал болно.
-Даатгалын хөнгөлөлт эдэлж чадахгүй байна, эмийн үнэ хэт өндөр байна гэсэн шүүмжлэл цөөнгүй гарах юм аа?
-Даатгалын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд иргэн танд ялангуяа өндөр өртөгтэй мэс засал бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна түүнд хэрэглэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүдийн үнэ нь даатгалаас санхүүжих болсон. Тэгэхээр та ийм өртөгтэй эмнэлгийн тусламж авах юм бол танд даатгалаас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Таны төлөх мөнгө багасах, зарим үед үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
-Эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдлийг хэзээ олгох вэ?
-Гурван талт хэлэлцээр 2015 оны нэг сард болсон. Ажил олгогчид, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарсан хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрийн дагуу өндөр настнуудын тэтгэвэр нэмэгдсэн. Харин төрийн албан хаагчдын цалин удахгүй нэмэгдэх гэж байна. Одоо төрийн үйлчилгээний албаныхны цалин эхний ээлжинд нэмэгдэнэ. Цалингийн 10 орчим хувиар нэмэгдэнэ. Хугацааны хувьд долдугаар сарын 1 байх уу,тав дугаар сарын нэгэн үү гэдэг нь ҮЭХ-той хугацаагаа тохирсны үндсэн дээр шийдэгдэнэ. Тийм учраас цалин нэмэгдэх тухай асуудал тун удахгүй гэдэгт найдаж болно.