
Д.Пагма

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын гишүүнд Golomt.org гэх цахим хаягнаас Ерөнхий сайд асан Г.Баярын АНУ-д бүртгэлтэй 7 тансаг хувийн хаусын талаарх нэлээн дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэл ирсэн талаар сэтгүүлчдэд мэдээлж байсан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын АНУ дахь гурван хаус дахин сөхөгдөж байна. Учир нь 2012 онд П.Дүгэр нэгэн ярилцлагадаа “түүний гэр бүлийнхний нэр дээр байдаг, асар үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг ямар эх үүсвэрээр авсан болохыг хэн ч сонирхохгүй байгаа нь гайхалтай. Н.Энхбаяр нэгэнтээ Ц.Нямдоржийн хоёр хүүгийн зуслангийн байшинг илрүүлэн шоудаж байсан. Гэтэл Ц.Нямдоржийн хоёр хүүгийн Монголд байдаг зуслангийн байшин Н.Энхбаярын ганц хүүгийн АНУ-д байдаг 3 хаусын аль нь үнэтэй болохыг тэнэг хүн ч анзаарахаар. Ингэснээрээ би Ц.Нямдоржийг зөвтгөж байгаа юм биш. Өөрийнхөө толгой дээрх эврийг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харна гэгчээр хулгайч “хулгайчийг бариарай” хэмээн чанга хашгирсан нь энэ. хаягийг нь хэлье. Зургийг нь өгье. Өөр ямар баталгаа хэрэгтэй юм? Э.Батшугар гэдэг хүн АНУ-ын Калифорни мужийн Геркулес хотын Топаз-ийн 124 (124 Topaz Court, Hercules CA 94547) хаяганд 4 давхар хаустай. Энэ хаус нь унтлагын 4 өрөө, ариун цэврийн 3 өрөөтэй, 2 060 ам дөрвөлжин фийт буюу 630 кв.м хэмжээтэй хааны ордон шиг л саруулхан өргөө. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 773 мянган доллар. Үл хөдлөх хөрөнгийн үнэ оргилдоо хүрч байсан үед 850 мянган доллараар үнэлэгдэж байсан байна.

Массачусеттс гэж муж АНУ-д бий. Америктаа амьжиргааны өртөг өндөртэйд тооцогддог энэ мужийн Уолтем хотын Staerns Hiil 5006 хаягтай байшинг олоод өндөр үнэтэй энэ байр хэнийх вэ гэдгийг нь асуучих. Яг энэ хотдоо Staerns Hiil 2909 хаяган дээр мөн л тэр хүн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм. Энэ ноёнтон бол Энхбаярын Батшугар. Хорин тавхан настай энэ жаал энэ их хөрөнгийг яаж олсон байх вэ? Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ чухам хэдэн сая доллар гэдгийг шударга даруугаасаа болж хохирч яваа гэж матрын нулимс унагадаг Н.Энхбаяр ба түүний гэр бүл л мэдэж байгаа байх”. Энэ мэт сонгууль дөхөж буйг илтгэх мэт төрийн өндөрлөгүүдийн олон мянган долларын үнэтэй хаусууд олон нийтэд ил болсоор байна. Дараагийн хаусын эзэн хэн байх бол.
Сэтгэгдэл (12)