Орос руу машинтайгаа давхих гэж байгаа бол...


Монгол,Орос хоёр улс визгүй зорчдог болсноос хойш нааш цааш явах хөдөлгөөн нэмэгджээ. Цагаан сарын үеэр юу боллоо,Орос руу гарах гэсэн монголчууд хэдэн өдөр хил дээр машиндаа хонон өнжин дугаарласан даа. Одоо ч Алтанбулагийн хил ачааллаа дааж ядан байгаа гэж дуулдана. Гэхдээ гайгүй ээ, хэдэн цаг хүлээгээд л хил давчихна гэж тэндээс ирсэн хүмүүс ярьж байна. Улаанбаатараас Улаан-Үд ороход 600 км. Сайхан засмал замаар хэдхэн цаг “нисээд” л хил хүрнэ. Цаашаа хилээр нэвтэрнэ гэдэг хэцүү оочерлоод л оросуудын  ааш авирыг царайчлан харна. Хүний нутаг руу орох гэж байгаа юм чинь тэр зэргийн юм байх. Хэдэн машин хилээр оруулахыг оросууд мэднэ. “Оруулах машин гүйцлээ, одоо хилээ хаалаа” гэвэл гуйж мөргөөд ч нэмэргүй. Хэрэв Орос руу орсон л бол зам тээврийн хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх ёстойг онцгоцлон анхаар. ”Усыг уувал,ёсыг дагана” гэсэн үг. Оросын дүрмээр,хот хооронд ойрын гэрэл асааж явна. Хот дотор 9 сарын 1-ээс 3 сарын 1 хүртэл подфар асаалттай явна. Мөн энэ хугацаанд өвлийн дугуйгүй бол цагдаа ямар ч өчиггүй торгоно. Урд ба хажуугийн шилний тень 25 хувиас хэтрэхгүй бараан байх дүрэмтэй. Хэрэв та нарны харшилтай бол  эмчийн магадлагаатай түүнийгээ орчуулж нотариатжуулаад үзүүлээд явж болно. Замд цагдаа шалгавал гадаад паспортоо  жолооны үнэмлэхтэйгээ  шалгуулах ёстой. Хэрэв хилийн цаана бэлэн бусаар торгуулсан ба торгуулийг төлж барагдуулаагүй бол буцахдаа хил дээр торгуулийг заавал барагдуулна. Эс тэгвээс хилээр гаргахгүй. Таны унаж яваа машин өөр хүний нэр дээр байгаа бол итгэмжлэлээ  нотариатаар батлуулж орчуулсан байх шаардлагатай, ‪Страховка (даатгал) заавал хийлгэнэ. Монголын хил дээр хийдэг даатгал нь арай үнэтэй байдаг. Тогтмол явдаг хүн бол цаана Оросод хийлгэвэл жилийн туршид арай хямд байдаг. Машин  банкны нэр дээр бол банкнаасаа итгэмжлэх аваад баталгаат орчуулгаар орчуулуулна. Тэгээд болоо.  Машинаа хил гараад Улаан-Үдэд бүртгүүлдэг  журам байдаг, бүртгүүлсэн нь дээр. Бүх хүн хамгаалах бүсээ зүүсэн, машины бүх гэрэл дохио асуудалгүй, дээр нь дүрэм зөрчөөгүй бол таныг цагдаа торгох гээд сүржигнээд байхгүй. Страховка буюу даатгал хамгийн бага хоногтой нь 14 хоног байдаг юм билээ. Ойролцоогоор 2000 сс хөдөлгүүртэй машин 83,000 төгрөг  болно. Хэрэв хийлгээгүй байхад  цагдаа зогсоовол ярьж чадвал торгуулийн хуудас бичүүлэхгүйгээр 500 рубль өгөөд сална даа. Цагдаа нар нь хэл ус муутай хүнийг андахгүй, их хэмжээний рубль нэхэж зовоох энүүхэнд. Хүнд байдлаас яаж гарахыг таны авьяас  мэднэ. Таны алтан шар зам өлзийтэй байх болтугай. Буриадууд  их найрсаг сайхан хүмүүс, Өвөг дээдсийн үеэс буриад монгол шүү дээ. Тэд монголчуудад янзын элгэмсэг ханддаг.  Оросуудыг бид эртнээс мэднэ, тэд илэн далангүй  цайлган сайн хүмүүс. Та хилийн цаана төмөр хөлөгтэйгээ саадгүй яваад ирэх болтугай.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.195.92)
    ёстой хэрэгтэй юм уншчлаа орос явах гэж бсан чинь баярлалаа
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.92)
    ёстой хэрэгтэй юм уншчлаа орос руу явах гэж бсан юм баярлалаа
    2015 оны 04 сарын 17 | Хариулах