- Миний сонгоогүй хүн жагсаалтаар гарч ирлээ гэсэн шүүмжлэл дээр дөрөөлж, жижиг 76 руу оръё гэдэг бүр муутгасан хувилбар учраас манай нам зөвшөөрөхгүй-
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд зарим хэвлэлийнхэнтэй уулзаж, цаг үеийн олон асуудалд дэлгэрэнгүй хариулт өглөө. Сэтгүүлчидтэй хийсэн “Зангиагүй уулзалт”-аар тэрбээр Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Намын санхүүжилтийн хууль болон, Ардчилсан намын дотоод асуудал болон Тавантолгойн төслөөр ямар байр суурь баримталж байгаагаа хэлснийг уншигчдад хүргэж байна.

Монголын үндэсний олон нийтийн телевиз: Ардчилсан нам 25 жилийнхээ ойн үеэр фракцигүй болсноо зарласан. Фракцийг Ардчилсан намаас салгаж ойлгоход хэцүү. Энэ хэр боломжтой зүйл юм бол?
-Ардчилсан намыг фракцигүй болгох гэдэг бол манай намын жирийн гишүүдийн хүсэлт, захиалга даалгавар. Өнөөдрийн болж байгаа үйл явдал Ардчилсан намыг фракцигүй байхаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, манай нам олон фракциасаа салж, Ардчилсан нам гэдэг нэг фракциар үйл ажиллагаа явуулах цаг болсон. Ардчилсан нам төвдөө фракц гэж хуваагдаад сүүлдээ орон нутагт халдварлаж байна. Тиймээс би Ардчилсан намд ийм хуваагдал байх ёсгүй гэж үзсэн учраас фракциудынхаа дарга нартай уулзаж манай намд нэг л фракци байх ёстой гэдгийг сануулсан. Тэр нь Ардчилсан нам гэх нэг фракци. Та нар анзаарсан байх. Германы Бундестад намуудын бүлгийг фракци гэж нэрлэдэг. Социал демкорат намын фракци,эсвэл Хирстийн ардчилсан фракци гэх мэтээр нэрлэдэг. Фракци гэдэг бол хэсэг гэсэн үг л дээ. Тиймээс Социал демкорат нам болон Хирстийн ардчилсан нам дотор янз бүрийн фракци байдаггүй .
Бид дэлхийн улс төрийн жишгийг дагах явахгүй бол болохгүй байна. Хамгийн гол нь манай намын жирийн гишүүд үүнийг захиалж байгаа учраас АН фракцигүй болсон. Цаашид миний хувьд фракцийн арга барилаар асуудалд хандахгүй. Жилийн дараа болох сонгуульд нэр дэвших 76 хүнийг ҮЗХ шийдэх ёстой. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг дэвшүүлэхгүй вэ гэдэг дээр би фракцийн зарчмыг баримтлахгүй. Намын жирийн гишүүдээс хамгийн олон санал авсан хүнийг аль фракци байх нь хамаагүй намын удирдлагуудаас дэмжих болно. Сонгуульд хамгийн их дэмжлэг авч чадах хүмүүсээ бид сонгож өрсөлдүүлнэ.
ТВ-5 телевиз : -Та “Томоохон компаниудаас хамааралтай намуудын санхүүжилтийн асуудлыг цэгцэлнэ” гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр 2016 оны сонгуулийн санхүүжилтээ яаж бүрдүүлнэ гэж төлөвлөж байгаа вэ. Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд яаж тусах вэ?
- Монголын төрийг чадавхижуулахын тулд намын санхүүжилтийг хуулийн өөрчлөлтөөр шийдэхээс өөр аргагүй хэцүү асуудал үүссэн. Намын дарга нар энэ байдлыг хамгийн их мэдэрч байна. Урьд өмнө нь би намын даргын ажил хийж байсан биш. Тиймээс намын санхүүжилтийн асуудлаас хол байлаа. Одоо бол улс төрийн намуудын дарга нартай яриад намын санжүүжилт өөрөө шилэн байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Намын санхүүжилт шилэн данстай байх ийм асуудал руу орохгүйгээр улс төрийн намууд том компанийн халаасанд орлоо гэдэг шүүмжлэл гардаг. Энэ бол үнэн. Тиймээс гурван Улс төрийн намын тухай, Намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээр нэг жил ярилаа. Энэ гурван хуулиа ярьсаар эцэст нь нийлүүлж нэг болгох нь зүйтэй юм байна. Улс төрийн намын тухай хуулиа хүчингүй болгож, санхүүжилт нь тодорхой байх хэрэгтэй. Хэнээс хэдэн төгрөг зарцуулагдсан бэ, тэгээд улсын төсвөөс авдаг хэсгээ нэмье гэж байгаа. Германд гэхэд улсын төсвөөс авдаг мөнгө нь нэлээд их юм билээ. Тэгж байж том компаниудын халаасанд орохгүй байх бодлого тэгж хэрэгжинэ. Өнөөдрийн хувилбар нь сонгуулийн дараа УИХ-д суудал авсан намуудад татсан санал тус бүрийг нь мянган төгрөгөөр үржиж өгдөг. Энэ нь сонгуулийн дараа орж ирээд л дуусна. Харин жил бүр УИХ-ын гишүүний тоог үржих нь 10 сая төгрөг олгодог. АН 350 сая төгрөгөө Сангийн яамнаас аваад тайлангаа өгдөг. Энэ 350 сая төгрөг намын хэвийн үйл ажиллагаа явуулахад багадаад байгаа учраас нэмэх бодлого баримтлах гэж байгаа. Гэхдээ нам 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Сая Германд хийсэн айлчлалын үеэр Бундестагийн дарга нартай энэ асуудлаар санал солилцсон. Тэр жишгээр явахаар бид бэлдэж байгаа. Гишүүдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэх ёстой юм байна. Санхүүжилтийнхээ 50 хувийг гишүүдээсээ авах нөхцөлийг тавьдаг юм билээ
-Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдээсээ мөнгө авна гэсэн үг үү?
-Би бол нэр дэвшигчдээсээ мөнгө авдаг байдлыг бүр тэглэнэ. Урьд нь Ардчилсан нам сонгуульд нэр дэвшиж байгаа нэг хүнээс 50 сая төгрөг авдаг байсан. Тэгвэл ирэх сонгуульд би нэр дэвшигчдэдээ 50 сая төгрөгийг чамаас авахгүй, энэ мөнгөө тойрогтоо л зарцуул гэсэн шаардлага тавина. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр бил үү гурван тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх гэж тооцож байгаа. Гэхдээ Сонгуулийн хуулиар мөнгө бага зарцуулахаар бодож зохих өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулий тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль дээр тусгалаа олоод гарна. УИХ-д суудалтай намууд үндсэндээ тохироод олигархиудын гараас гарах ёстой.
-Eagle телевиз : -АН-ыг фракцгүй болсон гэж итгэлтэй хэлээд байна. Нэг удаагийн уулзалтаар энэ асуудлыг шийдчихсэн гэхээр итгэлтэй төрөхгүй байна?
-Фракциудыг урамшуулсан тогтолцоог Н.Алтанхуяг даргын үед авч явуулсан. Тийм учраас намайг дарга болох хүртэл фракцууд чөлөөтэй байж түүнийг ажлаа явуулах арга гэж үздэг байсан. Ажлаа явуулахын тулд авсан тэр даргын өрийнх нь арга барил биз. Манай Ардчилсан намын дүрэмд нам фракцитай байна, байхгүй гэсэн зохицуулалт байдаггүй юм. Ер нь бол сонгууль хаяанд дөхчихсөн байхад фракциараа ялгарч болохгүй. Сонгууль намуудаас дэг жаягтай, хариуцлагатай, сахилга баттайбайхыг шаарддаг. Нэг нам мөртлөө фракциуд нь тав зургаан өөр зүйл яриад байвал сонгуульд амжилттай оролцож чадахгүй. Ардчилсан нам бол таван намын нэгдэл. Гэтэл тав, зургаан групп болчихоод өөр өөр зүйл яриад байхаар сонгуульд амжилт олохгүй нь тодорхой. Фракцыг дуртай нь байгуулаад, дуртай үедээ салгачихаж болдоггүй зүйл болохоор үүнийг дэмжихээ больё гэж байгаа юм.
Л.ГҮНДАЛАЙ ШИГ ХҮНЭЭР АРДЧИЛСАН НАМ ДУТАХГҮЙ
UBS телевиз : -Энэ санаачилгатай зэрэгцээд АН-ынхан өрх тусгаарлах тухай яриа гарах боллоо. Фракцгүй болно гэдэг уриалгаас дайжсан үйлдэл байж болох уу?
-Л.Гүндалайн асуудлыг хэлж байна уу. Л.Гүндалай бол Ардчилсан намаас байнга гарч л байдаг, орж л байдаг хүн. Миний мэдэхийн хоёр дахиа гарч, хоёр дахиа шинэ нам байгуулж байгаа хүн. Тиймээс Л.Гүндалай шиг хүнээр Ардчилсан нам дутахгүй. Гүндалай бол сайд болгоогүй учраас Ардчилсан намаас гарсан шүү дээ. Та нарт түүнийгээ тайлбарласан уу, үгүй юу. Намайг сайд болгооч гэж над дээр орж ирсэн. Хэрэв шинэ засагтаа сайд болгохгүй бол гараад нам байгууллаа гэсэн. Би чамайг сайд болгож чадахгүй, намаасаа гарна уу, байна уу, өөрөө мэд гэж хэлсэн. Ийм шантаажчингуудаар Ардчилсан нам дутахгүй ээ. Түүнээс өөр манай намаас нам байгуулна гэсэн хүнийг сонсоогүй.
UBS телевиз : -Намын төсөв гэдэг татвар учраас ард түмнээс асуух боломж бий юу. Хоёр төслийг урагшлуулах, машины рулийг шийдэх гээд санал асуулга давамгайлдаг болсон байна?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын мессежээр авсан санал асуулга зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг ярьж байх шиг байна. Гэхдээ тэр асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг нь асуух нь өөрөө мөнгөний гарз юм даа. Үнэхээр санал асуулгад оролцогч утасныхаа номерыг хэлээд энэ асуудлаар би тийм санал бодолтой байна гэдгээ илэрхийлж байгаа бол өөр хэрэг. Гол нь мессежээр авч байгаа саналын ард хэн байгаа нь тодорхойгүй тохиолдолд энэ санал асуулгад би итгэхгүй байгаа юм. Өнөөдөр би та бүхэнд намын санхүүжилтийн асуудлаар ярьж байгаа минь энэ асуудлыг та бүхэн цаашид түгээгээд өгөөч ээ гэсэн санаа. Тэгээд УИХ-аар хэлэлцэх үеэр хэн дуртай нь саналаа хэлж, цаасаар ирүүлж болно.
-ТВ-5 телевиз : -Танаас өмнө намын дарга хүн намын даргын албыг давхар хашиж ирсэн. Харин та УИХ-ын дарга. Үүнийг яаж хардаг вэ?
-Яагаад Ерөнхий сайд болоогүй вэ гэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дунд Батцогт, Арвин, Өвөрхангайн хоёр нэмэгдэж 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонхи, цөөнх болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй юм гэж үзсэн. Мөн улс төржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор аль нэг намын дарга бус хүнийг Ерөнхий сайдаар томилсон. Асуудалд улс төрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд олон намын дарга орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг. Та бүхэн санаж байгаа бол Баяр Ерөнхий сайдын үед манай намын дарга Тэргүүн шадар сайд байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед бас Тэргүүн шадар сайд байсан. Тэр үед С.Баяр, Сү.Батболд Н.Алтанхуягт үүрэг өгөөд олон суудалтай намын дарга нь цөөн суудалтай намын даргадаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйлүүд ажиглагдсан учраас бүх намын дарга нь УИХ-даа орцгоо гэсэн. МАХН, МҮАН-аас бусад бүх намын дарга нар УИХ-д бий.
ТОЙРГОО ЖИЖГЭРҮҮЛЭХ ҮҮ, ТОМРУУЛАХ УУ ГЭЖ АСУУХ НЬ МӨНГӨНИЙ ГАРЗ
“Өдрийн сонин” : -Сонгуулийн тогтолцоогоо асууна гээд байгаа. 76 жижиг тойрог уу, 48:28 байх уу гэдгийг. АН ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асууя гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан байна. Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монголын ард түмэнд жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Тэгвэл зургаан тэрбум төгрөг хаанаас олох юм. Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хууль байна. Харин тойргоо жижигрүүлэх үү томруулах уу гэж асуудаг нь мөнгөний гарз. Түүний оронд сонгуульдаа шударга оролцдог, бага мөнгө зарцуулдаг ийм асуудлаар уралдахаас бус сонгуулийн тогтолцоо амин чухал асуудал биш. Тиймээс Ардын намын өргөн барьсан хуулийн төслийг Ардчилсан нам дэмжихгүй.
Ikon.mn сайт : -Сонгууль дөхөж намуудын рейтингийн судалгаа гарч эхэллээ. АН-ын рейтинг нэлээд унасан байна. Нэг жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг сэргээх боломж байгаа гэж харж байна уу?
-Рейтинг гэдэг харьцангуй асуудал. Өнөөдөр асуухад нэг өөр маргааш асуувал бас нэг өөр гарна. Глобачлал явагдсанаас хойш дэлхий дахинд улс төрийн намуудад итгэх итгэл, төрд итгэх итгэл тогтмол уналттай гарч байгаа. Энэ зөвхөн Монголд харагдаж байгаа үзэгдэл биш л дээ. Судалгааг харж байхад нэгд, Ардчилсан нам, хоёрт Ардын нам дараалсан харагдсан. Энэ дараалал бол алдагдахгүй байгаа. 2012 оноос хойш бид рейтингээ өсгөх бууруулах асуудал дээр анхаарах биш ард түмний амин чухал асуудлыг шийдэж байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Рейтингийн асуудалтай холбоотойгоор нэг зүйлийг нэмж хэлэхэд АНУ-ын ард түмний дунд явуулсан судалгаагаар Жон Кеннедигийн үетэй харьцуулахад төрдөө итгэх итгэл 24 хувь болтлоо буурсан байдаг. Би юу гэх гээд байна гэвэл дэлхийн хүмүүсийн төрд итгэх итгэл өөрчлөгдөөд байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Америкчуудын хувьд төрийн эрхийн хоёр гол нам барьж байгаа. Гуравдагч нам гарч ирж чадахгүй байна. Гэтэл манайд 2012 онд МАХН, МҮАН нийлж байгуулсан гуравдагч намууд парламентад анх удаа бүлэг байгуулах суудал авсан. Гэхдээ өнөөдрийн хувьд зөвхөн Ардчилсан нам биш улс төрийн намууд иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх талаар бодох цаг болсон. Тийм учраас Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй болсон байна. Одооогийн энэ өөрчлөлтөөр намын жирийн иргэдийг саналыг асуудаг болох ёстой болсон байна. Хуучин шиг косметик засвар хийгээд явдаг үе өнгөрсөн.
- ТВ-5 телевиз : -Боловсон хүчний тухайд ямар бодолтой байдаг вэ. Сонгуулиар хурган даргын цүнх барьж гүйж байгаад яам, тамгын газарт алба, хэлтэс удирддаг жишиг тогтчихлоо. Боловсон хүчний чадвар, чансаанд ямар шаардлага тавих вэ?
-Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны тухай хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болонгуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн Чинзоригийнх биш. Манай намынхан ч ийм. Өмнөх Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Төрийн нарийнтайгаа хэл амаа ололцож чадаагүйгээс ажилтнуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа бий. Гэхдээ тэр нь Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. Төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаад энэ асуудлыг шийдвэл өөр хэрэг. Түүнээс нэг үүрэг гүйцэтгэгчийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээр сольж болохгүй. МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдгийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын ажилтай л ярина.
БИ ЖАГСААЛТАД ОРОХГҮЙ
“Ардчилал” сонин: -АН-д Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн ротацийг хийгээгүй багагүй хугацаа өнгөрсөн. Шинээр ҮЗХ-ны гишүүн болж орж ирсэн гишүүдийг баталгаажуулах ҮЗХ-ны хурал, намын Их хурлаа хийх санал гишүүдээс хэлээд байгаа. Үүнд хариулт өгвөл?
-АН-ын хамгийн сүүлийн ҮЗХ-ны хурал дээр намын Их хурлаа Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа хийнэ гэдгээ хэлсэн. Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа бүх намыг дүрмээ өөрчлөхийг шаардах юм. Янз бүрийн бүтэцтэй намууд байна. Гишүүдээсээ асуудаг, төлөөллийн байгууллагаараа дамжуулан асуудлаа шийддэг, ганцаараа сууж байгаад бүх зохицуулдаг нам ч байна. Улс төрийн нам гэдэг гэрчилгээтэй бол нэг хуулийн дагуу явъя гэсэн үүрэг өгөх гээд байгаа юм. Жишээ нь, УИХ-д суудалтай бүх нам жирийн гишүүдээсээ асууж дотроо сонгууль явуулна. Иргэд сонгогчидтой илүү ойрхон болох төслүүд хийж байгаа.
Сүүлийн зургаан жил юу болсон гэхээр намын эв нэгдлээ хадгална гээд дотоодын бүх сонгуулиа хаасан. Тэгэхээр ҮЗХ-ны хурал болохгүй, Их хурал ч хийхгүй жил болгон гуравны нэгээ сольдог байсан өөрчлөлтөө ч зогсоочихсон. Дөрөвдүгээр сарын 7-нд баярын хурлын үеэр хэдэн хүн “Зургаан жил хаасан намынхаа хаалга, цонхыг онгойлго, бид ормоор байна” гэсэн лоозон барьсан байсан. Тэднийг байж л байг гэхэд хэдэн гишүүн очоод хөөчихсөн. Тэр бол байдаг л, хэвийн зүйл. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад битүү байсан нь буруу байсан юм. Сая би намын дарга болоод төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгуулийг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд эхэлсэн. Энэ бол намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. Аль ч улсын аль ч нам гишүүдээсээ асуудаг. Тэр дундаа ялагдсан нь ялсан хүндээ баяр хүргээд явдаг болохоос суулт зарлаж явдаггүй л юм билээ. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө. Эхний юм болохоор будилаантай юм шиг харагдаж байж магадгүй. Бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Зургаан жил хаалга, цонхоо хаачихлаа гэдэг бол надад биш түрүүчийн намын удирдлагуудад хаяглагдсан үг байсан. Тэр залуустай Эрхэмбаяр генсек уулзсан. Ер нь, намын тухай хуулиар нэлээн олон асуудлыг бүх намд адилхан үүрэг болгох гээд байгаа юм. Тэгэхгүйгээр бид ҮЗХ-ны 228 хүн дотроос УИХ-д нэр дэвшүүлнэ гэвэл ялалт бол харагдахгүй. Миний хувьд лоозон барьсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ганцаарчилж ярилцаад, тохироод, гар бариад л гарсан. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. Тэр хүнийг “Баянхонгор аймагт Ганбат, Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал болсон. 35 гишүүний тойрогт намын дотоод сонгууль зарлахгүй гэсэн үг. Тэгж хэлэхэд “За ойлголоо” гэсэн. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд байгаа. Баянхонгор аймагт очоод Баттулга, Ганбат гишүүнээс илүү рейтингтэй би нэр дэвшинэ гээд явж байгаа нөхөр. Энэ мэтчлэн намын доторхи сахилга батаа барих л ёстой. Ийм амбицаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ мэтээс болоод АН хагарч байна гэсэн яриа гараад байгаа.
News.mn сайт : Арван зургаан оны сонгуулийг МАН жижиг тойргоор сонгууль явуулъя гэсэн. Харин Ардчилсан намын хувьд сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг дэмжиж байгаа вэ?
-Сүүлийн хоёр сонгуулийг яагаад жижиг 76-гаар явуулаагүй юм бэ гэдгийг буцаж санах хэрэгтэй. Жижиг 76-гийн хамгийн их дутагдалтай тал бол 2000 онд одоогийн МАН нийт ард иргэдийн саналын 51 хувийг авч чадаагүй юм. Гэсэн мөртлөө УИХ-ын 76 суудлын 72-ыг авсан байдаг. Жижиг 76-гийн гамшиг нь үүндээ байгаа юм. Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь тэр үеийн МАХН /МАН/-д санал өгөөгүй байхад УИХ-ын 90 гаруй хувийг авч болж байна шүү дээ. Чухам иймээс л жагсаалтыг оруулж ирсэн юм. Жагсаалттай холбоотой янз бүрийн шүүмжлэл гардаг. Жагсаалт бол намын нэрээр санал өгөх юм бол түүнийгээ л авна гэсэн үг. Түүнээс жижиг тойрог шиг тийм том гажуудал гарахгүй. 2008 онд тойргоо томсгосон, 2012 онд жагсаалтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмний санал тэр чигээрээ тусах зорилготой. Бид сонгуулийн системдээ Германы жишгийг суулгаж байгаа. Бид бол далайн орон биш. Эх газрын улс учраас Германы сонгуулийн схемыг авсан. Миний сонгоогүй хүн жагсаалтаар гарч ирлээ гэсэн шүүмжлэл дээр дөрөөлж, жижиг 76 руу оръё гэдэг бүр муутгасан хувилбар учраас манай нам зөвшөөрөхгүй. Жижиг тойргоор сонгууль явууллаа гэхэд санал өгсөн хоёр хүний нэгний санал огт тооцогддоггүй юм.
Өнгөрсөн сонгуулийн системийн нэг алдаа бол жагсаалтад хэзээ ч гишүүн байгаагүй хүнийг оруулсан явдал. Тэр нь дотроо бөөн атаархал дагуулсан. Яагаад гэвэл жагсаалтын 10-аас урагш бичигдсэн хүн шууд гишүүн болчихож байгаа хэрэг. Манайхаас бол М.Батчимэг, Р.Бурмаа, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат дөрөв гишүүн байгаагүй мөртлөө шууд жагсаалтын 10-т бичигдсэн. Үүнээс болж бөөн атаархал бий болсон. Одоо ирэх сонгуульд манай намын зүгээс гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй гэсэн дүрэм баримтална. Бусад намууд яахыг мэдэхгүй. Мөн жагсаалтад нэг хүн давтах орохоо больё. Жишээлбэл, би жагсаалтад орохгүй. Аль нэг тойрог руу явах нь тодорхой болж байгаа юм. Ийм маягаар жагсаалтаа хариуцлагатай болбол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Нөгөө атаархал байхгүй болно. Жагсаалтад ормоор байгаа бол дор хаяж нэг удаа парламентын гишүүнээр ажилласан байх ёстой. УИХ-д нэр дэвшмээр байгаа бол дор хаяж сумын ИТХ-д гарч ирсэн байх ёстой. Ингэж шат дамжлагатай явахгүй болохоор Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга шиг нөхөр гарч ирээд шууд УИХ-ын гишүүн болно гэж мөрөөдөөд байж болохгүй. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй. Энэ бол АН-ын дарга Энхболдын шалгуур биш. Ямар ч байсан ард түмний сонголтоор ороод дараагийн шатанд явна.
- UBS телевиз : - Энэ тэгэхээр залуучуудаа улам л хаалттай болгоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа. Залуучууд яаж орж ирэх боломж бүрдэх юм бол?
-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Бид дотроо ийм бодлого явуулах гэж байгаа. Ерөнхий сайд Сайханбилэг, АН-ын дарга Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Бат-Үүл, Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрахыг зөвшөөрхгүй. АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон гээд оноо өгдөг тогтолцоо бий. Улс төрийн албан тушаал бол 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар. АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд бид ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор орсон байвал АН-ын үнэ цэнэ бүхий гишүүн. Гэхдээ тэр шалгуурыг бид тогтоохгүй. Өөрөө өрсөлдөөд багийн Засаг дарга болоод, сумын ИТХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод явах эрхийг бид нээж өгөх тоглоомын дүрмийг нээх гэж байгаа хэрэг. Ирэх сонгуулиар 1950-аад онд төрсөн нь болиод 1960-аад оныхон орно шүү гэж механик аргаар байж үзэж болохгүй. Маш олон удаа сонгогдсон настай мөртлөө маш залуу сэтгэлгээтэй гишүүн ч бий. Залуу мөртлөө маш хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс ч байна. Тэгэхээр энэ бол насны тухай асуудал биш юмаа.
ТВ-5 телевиз : - Шантааж хийдэг гишүүд, УИХ-ын гишүүд ч байгаа. Тэгэхээр энэ улс төрөөс гарч чадна гэж та бодож байна уу. Шатнаажны улс төрийг юу гэж харж байгаа вэ?
-Намын санхүүжилт, хэн ямар албан тушаалд дэвшиж байгаа гээд бүгдийг ил болгочих. Жирийн гишүүд, олон түмнээр шийдүүлсэн зүйл бол хэзээ ч алдахгүй. Хэдхэн хүн шийдсэн асуудалд алдаа мадаг гаргах аюултай. Тиймээс хаалга, цонхоо нээж өгье, гишүүдэд чөлөөтэй өрсөлдөх боломж олгоё, ард түмнээс ямар оноо авснаар чинь үнэлье. Ард түмнээс оноо авч чадаагүй бол АН-д үнэлэгдэхгүй. Улаанбаатарын нэг хорооны дарга болсон АН-ын гишүүн Дорж надад УИХ-ын хоёр гишүүнийг мөргөөд оронд нь дэвших гэж байгаа уяачдын холбооны даргаас илүү үнэлгээ авна. Яагаад гэвэл сонгуульд өрсөлдөж хороон дарга болсон хүн. Энэ мэтээр дэг журам тогтооно.
“Өдрийн сонин” : - Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ. Т.Хасбаатар гэхэд МАН-ын байрыг нэхээд яваад байгаа?
-Хасбаатар АН-ын гишүүн биш. Өвөрхангайн АН-аас хөөгдсөн. Тиймээс тэр талаар ямар нэг тайлбар хэлэхгүй. Нам ер нь өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Манайх хуучин шилэн байшингаа зарчихсан. Тэнд оронд нь барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй. Орон нутагт ч мөн адил улсын өмчийн байртай бол буцааж өгнө.
News.mn сайт : - Жагсаалтад орсон гишүүддээ ямар хариуцлага ярих вэ. Тухайлбал, жагсаалтаар орсон гишүүд намын бодлогынхоо эсрэг ажиллах, Засгийн газрынхаа эсрэг кноп дарах явдал гарсан?
-Үндсэн хуулийн дагуу жагсаалтаас байна уу тойргоос сонгогдсон байна уу УИХ-ын гишүүдийн хооронд ямар нэг ялгаа байхгүй. Бүлгийнхээ гишүүдийг захиргаадаж кноп даруулах биш итгэл үнэмшлээр нь кноп даруулах намын, бүлгийн удирдлагын үүрэг. Тэр үед хэлж ч байсан. Бид ямар зорилгын төлөө явж байгаа. Санал зөрөлдөх зүйл байлгүй яахав. Ухамсаргүйгээр кноп дардаг байж болохгүй. Харин санал зөрөлдөөнөө дотроо л шийддэг байх ёстой.
UBS телевиз : -Ард түмний саналаар намын жагсаалтыг эрэмбэлэх боломжтой юу?
-2012 онд Сонгуулийн хууль батлахдаа бид маш их ярьсан. Нам болгоны 28 популистыг гаргачих гээд байсан. Урдуур бичигдэхийн тулд үлдсэн 27-гоо муулаад, намайг дэмжээд өгөөч гээд байвал улс орны эв нэгдэл гээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Ер нь, нээлттэй жагсаалт, хаалттай жагсаалт гэж бий. Сонгуулийн хуулийг бүх нам хэлэлцэж байж гаргадаг. Хэрвээ намууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол хуучин хуулиараа явна. Тойргийн асуудал МАН, АН хоёр өөр өөр байр суурьтай байгаа. Сонгуулийн хуулийн маргааныг шийдвэрлэх хэсэгт өөрчлөлт оруулахыг бүх нам дэмжиж байгаа.

БУЛАНД ШАХУУЛЖ БАЙГААД АШИГГҮЙ НАЙМАА ХИЙЖ БОЛОХГҮЙ
Ikon.mn сайт : - Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?
-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч болдог байсан. Тэр үед Сү.Батболдын компани Тавантолгойн лицензийг нь авсан. Олон сая долларын үнэтэй ордыг нэг төгрөг төлөлгүй авсан байдаг.Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаахудагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Оюутнууд, ахмад настнууд хувьцаагаа авсан.
Сү.Батболдоос бүх лицензийг хурааж аваад ганц Ухаахудагийг өгсөн. Нийтдээ 6,5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг. Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийн, таван хувь нь компаниуд нь, 10 орчим хувь нь ард түмний өмч. Тэгээд ажиллуулах гээд Энэбиш, Батсуурь гээд захирал байсан ч шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм.
УИХ-ын вэб сайтад байгаа Тавантолгойн гэрээг зурах гэж байна гэж албан ёсоор санал авахаар явуулсан хувилбар нь бий. Уг нь, УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Таван толгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэхэд Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Тавантолгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай рояалти авахаар тусгасан байна лээ. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон байсан. Тавантолгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шенхуа” –д очихоор 30 жил дээр нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээнүүд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу ч орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал бол чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй юм. Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нийлээд хууль зөрчихийг хэлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явахыг шаардаж байгаа юм. 2006 оноос хойш ард түмний Таван толгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрүүдийг байхгүй юм шиг л бодож шийдсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж шийдүүл гэсэн. Тэгвэл Энхсайханы байгуулсан баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиолцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэж ярьсан. УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээний хувилбарыг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Энэ хоёр гэрээг харьцуулаад харах хэрэгтэй. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.
Ikon.mn сайт : - 14 хоногт амжих болов уу?
-Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюутолгой дээр гаргасан алдааг давтах нь гээд байна. Оюутолгойд олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх тэр болгоныг өөрөө тогтооно гэсэн байсан. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна гэж бий. Энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбитрын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх ийм л балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.
ТВ-5 телевиз : - Эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр ч хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу?
-Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой биш болохоос. Эдийн засаг хүн байхад Таван толгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр 2 хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав тэгэхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм авахаа болих хэрэгтэй. Ингээд ам.доллараар юм аваад л байвал ханш 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам байна. Гэхдээ 2012 онд Монголын ард түмэнд байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе гэж санал өгсөн. Тэр бодлогоосоо УИХ буцахгүй. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг бүгд хараана. Хамгийн ноцтой нь “Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шенхуа” 100 хувь шилжүүлж авах бүх зам нь нээгдсэн байгаа. Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөө Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар үүрэг хүлээхгүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр нүүрсээ зарахыг зөрвшөөрдөг юм. Оюутолгой дээр шүүмжилдэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь байна шүү дээ.
ТВ-5 телевиз : -УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?
-УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.
“Ардчилал” сонин : - УИХ-аар оруулахаар улстөрчдийн, намуудын өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?
-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохын зөвшөөрвөл тэр чигээр нь оруулж болно. Ямар ч асуудалгүй. Зүгээр л сонголтын асуудал. Тавантолгойгоо үнэ төлбөргүйгээр “Энержи ресурс”, “Шенхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнэтэй эд, арай ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана. Тэгэхээр УИХ нийт сонгогчдынхоо өмнө тайлбарлах боломжтой л байх ёстой.
Эх сурвалж: www.news.mn