

Малайзид дахин нэг монгол бүсгүй амиа алдлаа гэх эмгэнэлт мэдээ олныг хирдхийлгэв. Тус улсын Куала Лумпур хотын Таман Малури дүүрэгт 29 настай монгол бүсгүй зургаан давхар байрнаас унаж амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэг өнгөрсөн ням гаригийн 11:30 цагийн үед гарсныг хөршүүд нь цагдаад мэдэгджээ. Хэрэг гарахаас өмнө амиа алдсан бүсгүйн гэрээс хүн хашгирах чимээ сонсогдсон гэж хөршүүд ярьжээ. “Анхан шатны мөрдлөгийн явцад зочны өрөөний ширээн дээр байсан эд зүйлс,аяга таваг хагарсан байсан. Амиа алдсан бүсгүй энэ байранд өөр гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан” гэж мөрдөгчид ярьж байна. Малайзад амиа алдсан гуравдахь монгол бүсгүй энэ болов. Хэн гээч хүний үр амиа алдав,юутай их харамсал вэ. Одоогоос есөн жилийн өмнө Малайзад Ш.Алтантуяа гэх сайхан бүсгүй харамсалтайгаар амиа алдсаныг монголчууд мартаж амжаагүй байхад өнгөрсөн жил Б.Энхтуяа гэх оюутан бүсгүйн амь насыг хөнөөсөн хоёр дахь хэрэг гарсан. Өнөө хэр тэд яагаад хүний нутагт амиа алдсаныг таашгүй. Малайз,Францын Засгийн газар хоорондын 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлөг онгоцны хууль бус наймаа,Малайзын улстөрчдийн Францаас авсан хахуулийн хэргийн гэрч болсныхоо төлөө Ш.Алтантуяа гэх гэнэн бүсгүй алуурчдын гарт амиа алдсан. Охины минь амийг юунд хөнөөв гэсэн харуусал,буруутныг олох болов уу гэсэн горьдлого аав,ээж,ахан дүүсийг нь олон жил зовоосоор... Монголын нэг иргэн гадаадад доромжлуулж бүр амь насаа алдсан байхад “өнчин ишиг үхсэн” мэт үл тоож болохгүй. Өмнө нь амиа алдсан Б.Энхтуяа Малайз руу эрдэм сурах гэж явсан, гэтэл амиа алдсан. Өчигдөрхөн зургаан давхраас унаж амиа алдсан бүсгүй ямар ч шалтгаангүй “нисчихлээ” гэж үү. Эрхбиш хууль хяналтын байгууллагынхан шалгана гэж найдъя. Тэр чинь монгол хүн,эх орон,эх эцэгтэй хүн. Монгол хүний амь Малайзад байсхийгээдл үнэгүйдээд байна бус уу.
Сэтгэгдэл (6)