

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын талаар ноцтой мэдээ дэлгэж олныг алмайруулсан. Өдгөө АНУ-д амьдарч байгаа С.Баярын үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан мөнгө угаасан талаархи баримтыг ил болгож, түүний эзэмшдэг гэх долоон байшинг танилцуулсан. Тухайн үед Г.Уянгад хүмүүс итгэсэн. Яагаад гэвэл сэтгүүлч хүн аливаа баримтад гоомой хандахгүй гэдэгт итгэлтэй байсных. Гэтэл Ерөнхий сайд асан С.Баяр энүүн шиг худлаа юм байхгүй,надад АНУ байтугай аль ч улсад эзэмшдэг амбаар сав, майхан ер юу ч байхгүй гэв. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг мэдэхгүй ард түмний тархи нь эргэж гүйцэв. С.Баяр одоо Германы Баден-Вюртемберг мужийн хөдөө тосгонд явж байгаа аж. Ирээдүйд загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бололтой. Тэр төслийг уугуул Монголдоо хэрэгжүүлэх үү, суугуул АНУ-даа юу гэдгийг одоохондоо хэн ч мэдэхгүй. Уг нь түүний ээж Дулмаа доктор Монгол орны олон нуур цөөрмийг загастай болгосон ачтан. Ээжийн хийсэн буянтай ажлыг хүү нь өнөө цагт үргэлжлүүлэх гэж байгаа бол юутай сайн билээ. С.Баярын ярьсныг анзаарвал, дордохын долоод дургүй учраас АНУ-д долоон хаус худалдаж авахгүй хүн аж.
Энэ олон байр савны тухай яриа түүний хийсэн Оюу толгойн гэрээтэй холбоотой гэдгийг тэрээр хэлжээ. “Манайд урьд нь хийж байгаагүй олон тэрбум ам.долларын тэр гэрээ сая сая ам.долларын авлига, хаялгатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугиулдаг хүмүүс бий. Тэд намайг асар том энэ гэрээг зүтгүүлснийхээ шанд асар том авлига авсан байж таарна хэмээн нотлох гэж бүтэн зургаан жилийн нүүр үзэж байна. Гэрээний тооцоог зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдий хүрлээ. Тооцоо талаас нь буруутгаж чадахгүй болохоор тоншсон болгож харагдуулах гээд байдаг. Тоншсон нь нотлогдвол гэрээг бүр мөсөн тонгорч унагах арга нь олдоно гэж үздэг бололтой” гэж С.Баяр тайлбарласан байна..
Оюу толгойн гэрээг С.Баяртай холбоод ухаж төнхөөд байдгийн учир юунд байдаг юм бол. Үнэхээр олны яриад байгаа нь оргүй юм бол С.Баяр хүрч ирээд шалгуулчихад болохгүй нь юу билээ. Өөрийнх хэлж буйгаар, уг гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй байсан юмсанж. Тэгвэл тэрийгээ хэлсэн нь дээр биз ээ. “Нэр хугарахаар яс хугар” гэж ардын сургасан мэргэн үг бий. Хүний нутагт бухимдан сууж байснаас Оюу толгойн гэрээнээс сохор зоос ч хувьдаа хумслаагүй гэдгээ шалгуулсан нь хожим өлзийтэй. Монголын улстөрчдийн хэр үнэн ярьдаг, хэр баримжаатай ажиллаж амьдардгийг харах л үлдэв. Хэн нь хэнийгээ барьцгүй тонгорох гээд байгаа юм бол доо.
Сэтгэгдэл (65)