

Монгол Консерватив намын тэргүүн дэд дарга Д.Алтангэрэлтэй улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Улс орны эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьжиргааны түвшин улам доройтож буйтай холбогдуулан УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын хүрээнд олон зүйл яригдсаар байгаа ч дорвитой ахиц гарсангүй. Сонсоход олонхи нь л зөв яриад байх шиг. Гэвч бодит байдалд улам дордсоор...Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөгийн манай улсад нүүрлээд байгаа энэхүү эдийн засгийн хямрал нь олон улсын хямралтай холбоогүй бөгөөд манай эрх баригчдын өөрсдийн бий болгосон хямрал юм. Төрийн алдаатай бодлогоос үүссэн дотоодын хямрал нь өнгөрсөн засгийн цамаан байдлаас эхлэлтэй. Одоо бол хямрал хаанаас үүссэн шалтгааныг бүгд мэдэж байгаа учир олон зүйл нуршилгүй энэ хямралыг хэрхэн хохирол бага даван туулах гарцын талаар ярих нь зөв болов уу.Миний харж байгаагаар бид гурван зүйл дээр тогтож ажиллах хэрэгтэй.
Нэгдүгээрт, нийт ард иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих буюу жижиг, дунд, хөнгөн үйлдвэр зэрэгт гол анхаарлаа хандуулж ач холбогдол өгөн гадагш чиглэх валютын урсгалд хэмнэлт гаргах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниуд маань бараа бүтээгдэхүүндээ тогтоож буй үнийг зах зээлд нийлүүлэхдээ аль болох боломжит доод үнийг тогтоож тогтвортой үйл ажиллагаатай байх нь төрд тушаагдах татварт нэмэртэй. Хэт өндөр үнээс болж олон аж ахуй нэгж, импортлогчид үүдээ барьж байгаа нь бизнес эрхлэгчдийн явуулж буй бодлого буруу байсантай нэг талаараа холбоотой. 150 хувийн ашиг хардаг тогтсон хэв шинжээ эх орныхоо төлөө энэхүү цаг мөчид эвдэж 20 хувийн ашиг хүртдэг байх замыг сонгох цаг нь болжээ.
Гуравдугаарт,төр маань улсынхаа эдийн засгийг сэргээхийн төлөө цөөн хэдэн том төсөлд найдах бус, үндэснийхээ баялаг бүтээгчидтэй хамтран тэднийг татан оролцуулж байж энэ хямралыг даван гарах болно. Жишээ нь,шатахуун импортлогч компаниудтай уулзаж үнийг буулгах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр үнэ нь унаад байхад Монголд өссөн үнэ хэвээрээ байгаа нь эдийн засгийн энэ хямралд маш том дэмжлэг болоод байгаа юм. Шатхууны үнэ буурвал улсын хэмжээнд зардал буурна гэдгийг бид олон жишээгээр харж болно. Шийдлийн засгийн шийдэх гээд байгаа уул уурхайн төслүүдэд хүртэл зардал буурснаар хүртэх ашиг нэмэгдэж, өмнөх засгийн үед тавьсан ирээдүйд /2017 он/ төлөгдөх их өрийн хуримтлал үүсэх боломжтой.
-“Шинэчлэлийн Засгийн газар муу ажилласан” гээд огцруулсан. Харин таны бодлоор шийдлийн Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа бол?
-Хэдэн том төслийг шинчлэлийн Засгийн газар гацааж байсан нь үнэн боловч хөдөлгөх хүчтэй байсан. “ЭЗЭН-100” гэх мэт янз бүрийн хувилбар дэвшүүлэн ажиллаж байсан.Уг нь бид Н.Алтанхуягийн Засгийн газрийн үр дүнг үзээд дүнг нь нэг мөр тавьсан бол дээр байх байлаа. Гэвч тэгэх тэвчээргүй, хүсэлгүй эрх мэдэлтнүүд олон байсан. Шийдлийн гэх өнөөгийн энэ Засгийн үр дүн харагдах цаг хугацаа өнгрөөгүй тул дүгнэх боломжгүй байна. Одоо хийж буй үйл ажиллагааг нь харахад лав сайн зүйл гарахгүй юм. Өмнөх Засгийн газраасаа ч муу засаг бүрдсэн гэж харж байна. Иргэд үүнийг олон жишээнээс харж байгаа. Оюутолгойн 34 хувийг зарах гэх мэт.
-Судалгаанаас харахад улс төрийн намуудад итгэх итгэл буурч байна. Энэ юунаас болсон гэж бодож байгаа вэ. Үүнийгол буруутан нь МАН, АН гэх юм. Тэгэхээр улс төрийн өөр хүчинд боломж байна гэж харж байна уу?
-Намд үйлчилж буй гишүүд нь ёс суртахуун болоод хариуцлага үүрэх чадамжгүй учир намуудын нэр хүнд унаад байгаа юм. Нам гэдэг хэсэг хүмүүсийн нэгдэл. Иймд намд үйлчилж буй гишүүд эхлээд төлөвших хэрэгтэй.Гэтэл тйим зүйл ажиглагдахгүй байгаа нь сонгогч иргэдийн итгэлийг алдах байдалд хүрэглээ. Нэг намын тогтолцоотой байхад байгаа намдаа санал өгөх гээд тухай үеийн иргэд баяр мэт ач холбогдол өгөн очдог байсан бол өнөөдөр энэ нь сонголт хийснийхээ төлөө ял үүрэх хэмжээнд хүрчихлээ.
Учир нь “Танай нам засаг барьж ийм болгосон” гэх ялыг иргэд хүртэл өөр хоорондоо үүрүүлдэг болж. Тиймээс өнөөгийн боловсорч буй шинэ залуучуудын төлөөллийг дэмжих үе ирсэн байна. Ирэх жилийн сонгууль бол шинэ үеийг дэмжсэн цэвэр ухамсрын сонгууль байх болно. Ард түмэн шинэ удирдагч, мөн улс төрийн шинэ хүчин гэх хоёр зүйлийг ярьж байгаа нь шинэ намуудад эх орноо авч явах боломж байгаа гэж харсных юм.
-“Эрх баригч нам жинхэнэ үзэл баримтлалаасаа ухарсан” гэж ард түмэн үзэж байгаа. Ер нь, адрчилал гэж яг ямар байх ёстой вэ?
-Өнөөгийн төрийн эрх барьж буй намууд маань үзэл баримтлалаасаа урваад зогсохгүй бие биенээсээ урваж, төрийн ордонд "Түгжил" гэх егөөдөл хүртэл гарах боллоо. Энэ нь бүр гаараад эх орноосоо, эцэг эхээсээ хүртэл урваж байгаа талаар шар хэвлэлүүд хүртэл онцлоод байна. Миний хувьд энэ талаар ярих хүсэл алга. Харин ардчилал гэдэг нь хувь хүний төлөвшил гэж ойлгодог. Иргэн бүр төлөвшиж эрхээ эдэлхийн төлөө үүргээ ухамсарладаг байвал энэ нь эрүүл нийгмийг цогцлоох жинхэнэ ардчилал болон төлөвших учиртай.
Өнөөгийн ардчилсан эрх чөлөөг олгогчид маань биднийг буруу тийш нь турхирч орхисон байна. Энэ нь “Иргэн бүр хэмжээгүй эрх мэдлийг эдэлнэ” хэмээн суртал ухуулга явуулсны үр дүн юм.
-Удахгүй хаврын чуулганаар Улс төрийн нам, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Парламентын гадна байгаа намын хувьд ямар хууль гараасай гэж бодож байна вэ?
-Үндсэн хуулийг тэр бүр өөрчлөөд байх боломжгүй учир эрх баригчид маань эрдэмтэд болоод ард иргэдийн төлөөлийг сонсож, уураан дарж ухаанаа уян, ултай бодож зөв шийдвэр гаргаасай. Өнөөдөр яригдаж буй энэ хууль бол өнгөрсөнд бус ирээдүйд үйлчлэх тул эрх баригчдын хувьд алдах эрхгүй шийдвэрийн өмнө тулж ирсэн. Үүнд иргэдийн оролцоо ч маш чухал юм. Монгол Консерватив намын зүгээс одоо батлагдан гарах хууль нь жижиг можиратор байвал улс эх оронд тустай байх болов уу гэж ярилцаж байгаа.
76 жижиг тойрог байна уу, 100 жижиг тойрог байна уу тооны хувьд ач холбогдол төдийлөн өгөөгүй ч тойрог байгаад иргэд сонгогчид маань эрх байригч төлөөлөлүүддээ хяналт тавьдаг баймаар юм. Хяналтгүй, тойроггүй хэдэн олигархын хийж буй үйлдэл, гаргаж буй авир /Популизм/ нь хэрээс хэтрээд байх боллоо. Хувь хүн миний бодлоор бол нам хамгийн багадаа 801 гишүүнтэй бус хамгийн ихдээ 801 гишүүнтэй байвал хот суурин хөдөө орон нутагт жалга дов, үзэл сурталаар талцах энэ увайгүй үйлдэл таслан зогсоогдох учиртай гэж үздэг.
Намын 801 гишүүнд багтах гэж тун олон шалгуур даван шүүгдэж боловсрон жинхэнэ улс төрчид болоод салбар салбарын сорууд нь энэ эх орноо авч явах учиртай юм. Одоо байгаа 22 намыг 801 гишүүнээр бодоход 17000 орим гишүүн шигшигдэнэ. Энэ нь улс орныг авч явах хангалттай боловсон хүчин юм. Ийм болвол иргэд маань тухайн сонгогдсон хугцаанд хийсэн ажлаар нь дүгнээд явах болможтой шүү дээ.
Үүнийг шийдвэл сонгуулийн дараа хийгддэг төрийн албаны халаа сэлгээ ч үгүй болж, тухайн салбар байгууллагын үйл ажиллагаа тогтвортой байх болно. Улс төрийн намд дэмжигч хэрэгтэй болохоос гишүүд хэрэггүй
-Улс төрд МАН, АН гэсэн хоёр нам голлох байр сууринаас хандаж байна. Цаашид үүнийг өөрчлөх боломж байгаа юу?
-Байгаа, үүнийг сонгогч иргэд маань хийх бүрэн боломжтой. Өнгөрсөн хугцаанд манай нийгэмд иргэдийг цочроож, үндэсний үзлийг сэргээсэн хоёр том давлгаа явлаа. Одоо гурав дахь давлгаа нь энэ үндсэн хуулийн өөрчлөлт дээр хийгдэх байх. Иймд ард түмэн маань МАНАН гэх энэ хоёр намд ухаарлын сануулга өгөх цаг болсон гэдгийг харуулах болов уу. Хар машингүй бол хоёр эрх байригч намын хувьд боломж нь хонгилын үзүүрт ассан гэрэл мэт сүүмийж байна.
-Танайх Монгол Улсын хамгийн залуу улс төрийн нам. Сонгуулийн сураг ч хаяанд ирлээ. Эрх баригч намуудын хувьд зарим байдлаараа сурталчилгаа нь аль хэдийнэ эхэлсэн юм шиг байна. Харин танай нам сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Манайх 2012 онд байгуулагдан Улсын дээд шүүхэд “Улс төрийн 22 дахь нам” хэмээн бүртгэгдсэн отгон нам. Мөн ирээдүйн эх орны эзэд нь болохзалуусаа эгнээндээ элсүүлсэн “Залуусын нам” ч гэж болно. Энэ Монгол Улсад ирээдүй хойч байгаа гэдгийг эрх байригч намуудад ойлгуулахаар залуусыг голчлон элсүүлж байгаа. Одоо яригдаад байгаа үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдон нам сонгуулийн тогтолцоо ямар байна, тэр хуулийн хүрээнд л сонгуульд оролцох болно. Монгол Консерватив нам гэх нэрэн дор нэгдэж, үндэсний нандин өв уламжлалаа хамгаалан хойч үедээ өвлүүлэх чин сэтгэл өврөлсөн бидэнд хууль зөрчих эрх байхгүй. Тиймээс цаг нь болоогүй байхад бусад нам болон иргэдийг өөр хооронд нь өдөөн хатгаж талцуулсан үйлдэл гаргахгүй байх үүднээс бид намын дотоод ажлаа л хийж байна. Ямар нэг байдлаар сонгуултай холбоотой ажил зохион байгуулаагүй.
Сэтгүүлч М.Наранболд
Сэтгэгдэл (5)