УИХ-ын хаврын чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж нээсэн юм. Тэрээр энэ хаврын чуулганыг онц ач холбогдолтой чуулган болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Өнөөдөр Засгийн хуралдаанаар шийдэгдэнэ гэж байсан Таван толгойн хэлэлцээрийн талаархи өөрийн байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг татлаа. Энэ сарын 3-нд Засгийн газарт хүргүүлсэн Таван толгойн хэлэлцээрийн талаарх албан бичгийг баталгаажуулан өнөөдөр Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэж, энэхүү гэрээнд гарын үсэг зурахыг санаархсан сайд нарыг огцруулах саналыг өргөн барих болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Таван Толгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар Тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012 – 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн.
Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг улсаас бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.
Энэ нь 2010 онд УИХ-аас баталсан Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна.
Засгийн газрын байгуулахаар төлөвлөж буй гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авсан. Гэрээ хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээрийг уншаадЗасгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэж байгааг ойлгох болно.
Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг хугацаагүй зорилтын шинж чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна.
Таван толгойн ордыг ашиглах гэрээг:
- 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй,
- Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй,
- 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан,
- Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон,
- Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох,
- Гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна”. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэлээ.
УИХ-аас ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭЭД БУЙ АЛБАН БИЧГИЙГ УНШИГЧДАДАА ТОЛИЛУУЛЪЯ.


Сэтгэгдэл (4)