

Охид биеэ үнэлж амьдарч байгаа тухай байсхийгээд л мэдээлэх юм. Энэ удаа цагдаагийнхан “гулгаа” массаж хийх нэрийдлээр биеэ үнэлдэг хүүхнүүдийг баривчилжээ. Монголд 1990-ээд оноос эхэлсэн биеэ үнэлэлт шинэ хуудсаар баяжих болов. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт анх бие үнэлж байсан бүсгүйчүүд цагийн эрхээр хөгширчээ. Тэдний халааг авсан өнөө цагийн биеэ үнэлэгчид хүйтэнд даарч хөрч гадаа “ажиллахгүй”. Цаг үеэ дагаад тавтай тухтай нөхцлийг эрхэмлэх болжээ. Тэд зочид буудал, саун, амралт гэх газрыг бараадна. Зарим нь бүр тэндээ байрлан амьдардаг аж. “Гулгаа” массажныхан үйлчлүүлэгч дуудахад очно. Дуудлагаар ирээд массаж хийхгүй, харин бэлгийн харилцаанд ордог юм байна гэж цагдаа нар ярьж байна. Биеэ үнэлж яваад цагдаад баригдсан насанд хүрээгүй охидын олонхи нь ядуу амьдралын эрхээр амь зуухын тулд ингэж явна гэх. Хөдөөнөөс хотод ирээд янхан болсон охид “Гэр орондоо цатгалан амьдралтай байсан бол өдий багаасаа ийм ажил хийхгүй шүү дээ. Мэдээж, бидэнд бэлэнчлэх сэтгэлгээ байгааг нуухгүй,гэхдээ өөрөөр яаж амьдрах вэ. Сарын 400 мянгын цалинтай гэвэл байрны төлбөрт 250 мянгыг төлнө. Төлбөрөө дийлэхээ болиод сургуулиа хаячихсан. Хотод орж ирээд хоёр жил болж байна. Төв, Архангай аймгийнх. Байрандаа наймуулаа байдаг, бүгд биеэ үнэлдэг, таньдаг эгч биднийг зуучилдаг” гэж гомдоллож байна. Цагдаа нарын ярьснаар, Жижгээ гэх эмэгтэй тэднийг зуучилдаг, зуучилсан мөнгөнөөсөө хувь хүртдэг гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд биеэ үнэлэхийг зуучилсан гэх 17 үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Бусдын биеийг үнэлсэн,ашиг хонжоо олсон хэргээр ял сонссон,шоронд суусан хүн олон байна. Гэвч тэд засралыг олсон гэдэг асуудалтай. Цагдаа тэдэнтэй хөөцөлдөж,эрүүгийн хэрэг үүсгэлээ,хичнээн ч юм болов доо. Үндсэндээ 20 гаруй жил “ноцолдлоо”, ямар үр дүн гарав. Энэ асуулт хариулт нэхээд л байж байна. Биеэ үнэлэгчид мөнгөтэй болоод гадагш явахыг хүснэ. Энэ бол тэдний мөрөөдөл. Тухайлбал, Германд очоод биеэ үнэлж байгаад гайгүй сайн хүн “дэгээдээд” сайхан амьдарч байгаа хүүхнүүд зөндөө байна, германууд монгол хүүхэн сонирхдог гэсэн. Би тийшээ явна гэж ярих 18 настай охинд хэлэх үг олдсонгүй.
Сэтгэгдэл (13)