
“Үнсэлт”, “БНМАУ-ын төлөө зүтгэе”, “Цагдаагийн тангараг”,“Муушгийг заавал таван гар тоглох албагүй” зэрэг киногоор нь найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг үзэгчид болон кино хүрээнийхэн андахгүй. Түүнтэй ярилцлаа.
-“Хүн шувуу” кино “Оскар” авлаа. Та үзэж амжсан уу?
Анх танилцуулгын зурагт хуудсыг нь хараад байдаг л нэг “Хүн аалз” гэдэг шиг арилжааны тэнэг кино байх гэж бодсон. Тэгээд үзсэнийхээ дараа бараг шоконд орсон шүү. Бүр гурав дараалаад үзчихсэн. Тухайн үед тэр киног Оскарт нэр дэвшсэн гэж мэдээгүй байсан юм. Тэгээд цахим ертөнцөөс мэдээллийг нь хайгаад үзсэн чинь нэр дэвшсэн байлаа. Тэгэхээр нь өөрийн цахим хуудастаа бусад өрсөлдөж байгаа кинонуудыг нь үзээгүй байж “Хүн шувуу” кино энэ жилийн Оскарыг авна” гээд биччихсэн чинь баахан маргаан дагуулсан. Энэ кино Холливудыг миний нүдэнд өөрөөр харагдуулж эхэллээ. Холливудыг би “Шоу бизнесийн ертөнц” л гэж түлхүү ойлгодог хүн. Холливуд ийм кино хийчихлээ гэж үү гэж бодогдсон.
-Таны хамгийн сүүлд хийсэн “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” кино бас “Хүн шувуу” кинотой ижил “хар инээдмийн” жанрынх байсан байх аа?
-Инээдмийн жанр дотроо “Хар инээдэм” их хэцүү жанр. “Хүн шувуу”-г хамт үзсэн хүмүүс маань инээгээд л байсан. Харин би уйлаад л байсан. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” киног ч анх зохиолыг нь бичихдээ эмгэнээд л, эмгэнээд л бичээд байлаа. Үзсэн хүмүүс инээгээд л, инээгээд л байсан.
-Та кино зохиол хэрхэн бичих тухай ном бичжээ?
-1995 оноос хойш кино зохиолын үндсийг судалж эхэлсэн. Тэр үеэс ном бичих хүсэл төрсөн юм. Учир нь бидний үед киноны тухай монгол ном олж уншина гэдэг хэцүү, ховор байлаа. Бүгд орос хэлээр байдаг байсан. Харин саяхан хувь заяаны тохиолоор гэх юмуу хэлмэгдээд, гурван сар хоригдлоо. Энэ хугацаанд номоо бичсэн. Үзэж харах ном, цахим ертөнц байхгүй газар болохоор цэвэр өөрийнхөө мэдлэгийн хүрээнд л бичлээ. Харин суллагдаад номоо хэвлүүлэх гэж олон газраар явсан. Тухайлбал тухайн үеийн ССАЖЯ-аар хүртэл орсон. Хүнд хэрэгтэй зүйл хийсэн нэгнийгээ дэмждэггүй нь манайхны зан юм даа. Харин манай “Эвэртэй тэмээ” уран бүтээлийн нэгдлийн продюсер, найруулагч Д.Ханьсаг маань өр зээл тавьж байж номыг маань хэвлүүллээ. Номын дэлгүүрүүдээр тавьж сүйд болоогүй ч хэрэгтэй хүмүүс нь хайж сурагласаар олоод л ирэх юм. Уншсан, хэрэглэж байгаа хүмүүс маань их л ам сайтай байна.
-Таныг төрд тэрсэлсэн гэж хорьсон. Тухайн үед яг ямар үйл явдал болсон юм бэ?
-Ямар ч ор үндэсгүй худал зүйл байсан. Энэ асуудлаар шүүх хурал болж, гэм буруугүйг маань тогтоогоод цагаатгасан шүү дээ. Тэгээд ч энэ тухай дахин ярьж сүр бадруулмааргүй байна.
-Та одоо ямар зохиол дээр ажиллаж байгаа вэ?
-Хүмүүс кино зохиол бичүүлэх гэж ханддаг. Он гарсаар таван ч кино зохиолын товч агуулга буюу синопсис бичиж өглөө. Кино удаан хугацаанд бүтдэг учир хэзээ уран бүтээл болж дэлгэцэнд гарахыг нь хэлж мэдэхгүй. Харин өөрөө бие дааж хийхээр нэг кино зохиол дээр ажиллаж байгаа. Үүнээс гадна өмнө нь бичсэн 10 гаруй бүрэн хэмжээний кино зохиол бэлэн бий. Ер нь кино хийгээгүй завтай үедээ кино зохиол бичдэг дээ.

-Тань шиг туршлагатай найруулагчид болохгүй зүйл юу байна. Одоо хүн бүхэн л кино хийж байна. Гэхдээ хэтэрхий хэлбэрт баригдаад, шоу тал руугаа хөгжөөд байна уу даа?
-Дэлхийн кино урлаг ерөнхийдөө “Урлагийн бүтээл”, “Арилжааны бүтээл” гэсэн үндсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Кино үнэр ордоггүй бизнес. Тухайн үедээ ашиг олоогүй бүтээл удаандаа ашгаа нөхөх нь ч бий. Хэдийгээр кино фестивальд урлагийн бүтээлийг илүү чухалчилдаг ч үнэн хэрэгтээ арилжааны кинонд мэргэжлийн ур чадвар, төсөв мөнгө илүү ордог. Одоо манайхны зарим киночдын шүтээд байгаа БНСУ-ын найруулагч Ким Ки Дук “Хүн аалз” киног хийж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Киног хэн ч хийж болно. Гэхдээ хийж чадах хэрэгтэй. Тэгэхээр арилжааны кино хийхийн тулд маш өндөр ур чадвартай уран бүтээлчид хэрэгтэй. Арилжааны кино манайд сонгодог хэлбэрээрээ хөгжиж чадахгүй байна. Учир нь зах зээл багатай. Өнөөдөр Монголд гурав, дөрөвхөн кино театр л үйл ажиллагаа явуулж байгаа. 200 сая төгрөгөөр кино хийчихээд буцаад нөхөж олно гэдэг хэцүү. Гэтэл сайн арилжааны кино хийхийн тулд доод тал нь хоёр тэрбум төгрөг хэрэгтэй. Харин өнөөдөр Монголд нээлтээ хийж байгаа киног зэрэгцээд Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад гээд ядахдаа монгол туургатнууддаа зэрэг хүрдэг болчихвол өөр хэрэг. Эхний ээлжинд бид үүний төлөө л хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Та үзэгчдийн кино сонголтод хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Хувь хүний л таашаал байх. Миний дуртай киног үзэгчид сонирхдоггүй. Харин хүмүүсийн шуураад байгаа киног би нэг их таашаадаггүй.
-“Чонон сүлд” киноны хувьд та юу хэлэх бол?
-Үзэгчдийн киноны мэдлэг харьцангуй өндөр болж гэж үнэлсэн. Нэг хэсэг Солонгосын савангийн дуурийн хамгийн муутгасан хуулбарыг хошуурч үздэг байснаа болиод жинхэнэ уран бүтээл сонгож, үздэг болж. Харин “Чонон сүлд” зохиол бол нуулгүй хэлэхэд тааруухан шүү дээ. Хэдий дэлхий нийт шуурсан ч драматургийнхаа хувьд муу, үйл явдал муутай. Гэтэл ийм тааруухан зохиолыг стандарт кино болгож чадсан нь аргагүй том найруулагчийн ур авьяас л даа.
-Дэлхийн “А” зэрэглэлийн кинонд монгол эмэгтэй, бүр таны найз тоглосон гэхээр бахархах сэтгэгдэл төрсөн байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Тэр бум гаруй хүнтэй газрын жүжигчидтэй өрсөлдөөд, тэр том найруулагчид тоогдоод энэ хэмжээний кинонд тоглоно гэдэг маш их тэвчээр, ухаан, хөдөлмөр, авъяас юм даа. Киног үзэхэд Р.Анхням жүжиглэж байна гэж ер бодогдоогүй. Жүжиглэж байна гэж мэдэгдэхгүй тоглоно гэдэг маш сайн жүжиглэсний тод жишээ. Киноны хувьд ч ярих юмгүй сайн кино. Ганц нэг газар ялангуяа зарим чонотой шөнийн зургууд их болхи болсон санагдсан шүү. Мэргэжлийн хэллэгээр цоолох гэдэг юм. Тэдгээр хэсгүүдэд гэрэл нь айхтар зөрсөн харагдана лээ. Бусдаар давгүй шүү.
-Драматургийн хувьд ямар санагдав?
-Амьтдын зан төрхийг сайн гаргасан. Мөн Баасан гуай дүрээ их зөв талаас нь харуулсан. Харин соёлын хувьсгалын үеийн Өвөр Монголын түүхийг өөр дээрээ нялзааж, эмзэглээд байгаа нь Монголчууд бид сэтгэхүйнхээ хувьд их л жижгэрснийх байх даа. Тухайн үед Өвөр Монголд үүнээс ч айхтар зүйл болсныг харин ч уран сайхны аргаар зөөллөж, зөвтгөж харуулсан байна лээ. Тэгээд ч “Чонон сүлд” киног зөвхөн Монгол, Хятад хоёрхон улсад зориулж бүтээсэн юм биш. Дэлхий нийтээрээ үзэж байна. Дэлхий нийтэд “Байгаль дэлхийгээ захирч биш, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдардаг тухай малчдын агуу философи” нь сонин болохоос нэг монгол бүсгүй хятадтай унтсан уу үгүй юу, хятад хүн сайн уу, монгол нь сайн уу падлий ч байхгүй.
-Дараа жилийн “Оскар”-т дэвших магадлал өндөр уран бүтээлээр нэрлэсэн байна лээ?
-Өөр улсаас ямар ч мундаг бүтээл гараад ирэхийг бид таашгүй. Тиймээс “Чонон сүлд” л “Оскар” авна гэж хэлж болохгүй. Манайханд нэг зөрүү ойлголт байх юм. Р.Анхнямыг шилдэг эмэгтэй дүрд өрсөлдөх юм шиг яриад байна. “Оскар” бол зөвхөн Америкийн кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа учраас гадаадын кино, гол дүрийн номинацид нэр дэвшдэггүй. Шилдэг гадаад киноны төрөлд л нэр дэвших боломжтой. Харин энэ бүтээл Канн, Венец, Берлиний гэх мэт дэлхийн “А” зэрэглэлийн кино наадмуудад өндөр амжилт гаргах байх гэж бодож байна.
-Манай жүжигчид дэлхийн хэмжээний кинонд тоглоод эхэллээ. Харин тэднийгээ дэмжих, туслах тал дээр жаахан маруухан байх шиг ажиглагдах юм?
-Хэдхэн жилийн өмнө монгол найруулагч “Оскар”-т өрсөлдөж байсан. Тухайн үед манайд кино театруудаар гарахад нь хэн ч үзээгүй. Д.Бямбасүрэн гэдэг найруулагчийг ч тоогоогүй. Хэрэв тэр үед олигтойхон дэмжээд зөв бодлого, нэгдсэн санаатайгаар зүтгэчихсэн бол өдийд Холливуд сонин биш хэмжээнд оччихсон байх байсан болов уу. Ийм л эмгэнэлтэй хувь заяаг давталгүйгээр нэг нэгнээ зөв дэмжвэл манай уран бүтээлчид хаана ч гологдохгүй. Төр засаг маань ч кино уран бүтээлчдээ дэмжихдээ чаддаг, таахалздаг хоёрыг нь ялгаж салгаж дэмжээсэй гэж бодож байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин