Авлигатай тэмцэх газраас 2015 оны эхний улиралд хийсэн ажлаа тайлагнаж,сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нэгдүгээр улиралд хийсэн ажлын товч танилцуулгыг хүргэж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан байгууллагууд
- Монгол банк
- Үндэсний статистикийн хороо
- Гадаад хэргийн яам
- Эрүүл мэнд, спортын яам
- Мал эмнэлэг үржлийн газар
- Эдгээр байгууллагын удирдлагуудад цаашид хангалттай,санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.
Түүнчлэн хангалтгүй үнэлгээ авсан Maл эмнэлэг, үржлийнгГазар, Налайх дүүрэг, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Барилгын хөгжлийн төв, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн 27 сум, нэг тосгонд тус тус ажлын хэсэг гарган ажиллуулсан байна..
Удирдах албан тушаалтнууд өөрөө өөртөө шагнал урамшуулал олгож байна
Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах ажлын хүрээнд өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэл ногдуулжээ.

"Эрүүл ус” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошго дээр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн цээж зургаа хэвлүүлсэн мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Говь-Алтай аймгийн ИТХ-д хандсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт сануулга өгсөн.
Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах ажил
Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтад одоогоор 69 байгууллагын 2,268 нийтийн албан тушаалтан хамрагдав.“Шударга залуу хүний 7 дадал” лекцийг нийт 619 иргэнд хүргээд байна. Багаас нь шударга дадал, зан үйл суулгах зорилгоор хүүхдэд зориулсан puzzle тоглоом зохиов.
Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг
2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна.
Улсын хэмжээнд 38,423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38,422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38,421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.Татгалзсан албан хаагч болох МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам албан тушаалаасаа сайн дураараа огцрохоор өргөдөл өгөөд байгаагаа АТГ-т мэдэгдсэн байна.
Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой нийт хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.3 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 20.2 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлж, 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.
Гомдол, санал хүсэлт
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авчээ. Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна.
Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт
Энэ оны нэгдүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл
- 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр
- 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар
- 8 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх
- 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж,
- 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.
Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байв.
Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлжээ.
Мэдээлэл хийх үеэр олны анхаарал татсан зарим хэргийн талаар сэтгүүлчид АТГ-ын хэвлэлийн ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав..
-АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн хэргүүдийг танилцуулж болох уу?
-Эцэслэн шийдэгдээгүй учир дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Олны анхаарал татсан “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой Л.Гансүх нарын хэрэг, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан н.Түмэндэмбэрэл нартай холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн.
-"Эрдэнэс Таван толгой" компанийн захирал Я.Батсуурь болон Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нарт холбогдох хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
-"Эрдэнэс Таван толгой" компанийн захирал Д.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг мөн энэ зүйл ангиар шалгаж байна. Одоогийн байдлаар үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Яг шалгаж байгаа юу, шалгаж байгаа бол ямар хэргээр шалгаж байгаа вэ?
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэрэг Цагдаагийн ерөнхий газраас манай байгууллагад шилжиж ирсэн. Ямар хэргээр шалгаж байгаа талаар мэдээлэх боломжгүй байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Н.Энхбаяр болон түүний дүү Н.Энхтуяа, Б.Хуяг нараас мэдүүлэг авах шаардлагатай байгаа ч тэд ирж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын ажлыг удаашруулж байна.