Шүүхийн архивчид сургалтад хамрагдаж байна

"Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй", "Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын арга зүй, зохион байгуулалт" сэдэвт мэргэшүүлэх сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ. Сургалтад анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 47 архив, бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

Архивын ерөнхий газрын багш нар Албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг, хууль тогтоомжийн хэрэгжилт, Архивын баримтын бүрдүүлэлт, нягтлан шалгалтын ажлын арга зүй, зохион байгуулалт, Баримт бичиг нягтлан шалгах комисс, Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлэх данс бүртгэл, тэдгээрийн бүрдэлд тавигдах шаардлага, Шүүхийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, Шүүхийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх нь, Цахим баримт, цахим архивын удирдлага /Олон улсын стандарт/ зэрэг сэдвээр хичээл заана.

Сургалт энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан архивчдаас шалгалт авч, батламж гардуулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.