

Хавар болоод бүсгүйчүүд маань илүүдэл жингээсээ хэрхэн амар хялбар аргаар хасах тухай сэдэв хүчээ авч байна. Ялангуяа, гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдийн хувьд дасгал хөдөлгөөн хийх нь бараг л боломжгүй зүйл. Тиймээс хүүхдээ харсан ч хөөрхөн хэвээрээ байх боломж ээжүүд бидэнд байна уу. Тэгвэл ямар нэг дасгал хөдөлгөөн хийлгүй зөвхөн хоолоороо галбиржин турж чадсан нэгэн эмэгтэйг эрхэм уншигч бүсгүйчүүдтэйгээ танилцуулах гэж байна. Давсгүй хоолны дэглэмээр турсан Ж.Цогзолмаагийн туршлагаас хамтдаа хуваалцъя.
-Юуны өмнө давсгүй хоол идэж турсан туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Би хоёр дахь хүүхдээ төрүүлээд 25 кг жин нэмсэн. Хүүгээ бор хоолонд ортол нь яаж турахаа ч мэддэггүй байлаа. Хөхөндөө сүү оруулах гэж байна гээд талх, нарийн боов, шар будаатай цай, жигнэмэг их иддэг байсан нь таргалах гол үндэс болсон юм билээ. Хүн таргалаад ирэхээр өөрийн эрхгүй их иддэг болчихдгийг ойлгосон доо. Ингээд нэг өдөр дээд сургуулийн багшаасаа давсгүй хоолны дэглэмийг сонссон. Хэрэгжүүлж болохоор юм шиг санагдаад шууд л туршиж үзсэн.
-Давсгүй хоол хоолойгоор давахгүй эхэндээ хэцүү байсан уу?
-Мэдээж, эхэндээ маш хэцүү байсан. Давстай хоол идмээр санагдаад л. Ялангуяа, ногоотой хуурга, шарсан хуурсан юм идмээр санагдаад. Ядаж байхад гэртээ байгаа хүн чинь хоол л бодоод салдаггүй юм билээ. Гэхдээ хичээвэл давсгүй хоол тийм ч амтгүй биш гэдгийг ойлгосон. Одоо бол давсгүй хоол л идэх дуртай болчихсон. Давстай хоол цаанаа л гашуун амтагдаад байдаг юм.
-Яг ямар хугацаанд жингээ ингэж хасч чадсан юм бэ?
-Нийт 2 сар 20 хоног буюу 50 хоногийн дотор 19 кг турсан. Одоо дахиад 6 кг турах хэрэгтэй байна.
-Давсгүй хоол идээд тураад байгаагийн цаад учир нь яг юундаа байна вэ. Бас давс биед дутагдахгүй юу?
-Давс нь хүний бие дэх усыг барьчихдаг юм байна. Үүнээсээ болоод усан тарга гэж яваад байдаг юм шиг байгаа юм. Бас давс бол хоол идэх дуршлыг элсэн чихрээс дутахгүй нэмэгдүүлдэг гэдгийг Францын хоолны эмч П.Дьюкан эмч хэлсэн байна лээ. Тэгээд ч монголчууд бид чинь дэлхийд давсны хэрэглээгээрээ тэргүүлдэг юм байна. Давс их хэрэглэх нь цусны даралт ихсэхээс эхлүүлээд олон өвчний суурь болдгийг хожим нь ойлгосон. Бид өөрсдөө давс хэрэглэхгүй байлаа ч гэсэн далайн байцаа, гурвалжин будаа зэргээс давсаа далд хэлбэрээр авсаар байдаг юм билээ. Тэгэхээр давсаа тохируулж, бага хэмжээгээр хэрэглэх нь л зөв санагддаг болсон.
-Давсгүй хоолоо яаж хэрэглэдэг юм бэ. Ямар дэглэм барих вэ. Уншигч бүсгүйчүүдэд маань зөвлөгөө өгөхгүй юу?
-Ер нь талх, хуурай идэх юм, бүх төрлийн будаа, газтай ундаа, жүүс, гадил, усан үзэм, төмс зэрэг хүнснээс татгалздаг. Харин үхрийн өөхгүй мах, бүх төрлийн байцаа, лууван, алим, тараг, ааруулыг хүссэнээрээ иддэг. Бас ус маш сайн уудаг. Хүн заримдаа цангаад байгаа эсвэл өлсөөд байгаагаа ялгаж чаддаггүй юм шиг санагддаг. Тиймээс ус сайн ууж байх нь зөвхөн цангаа тайлаад зогсохгүй бие махбодод маш их ашиг тустай. Бие дэх хорыг гадагшлуулахад их үр нөлөөтэй санагдсан.
-Тэгэхээр давсгүй хоол идэхдээ хоолоо хасахгүй гэсэн үг үү?
-Тийм гэж ойлгож болно. Давсгүй хоолны дэглэмээ барьж эхлэх үед би оройн хоолоо 22.00 цагт иддэг байсан. Гэлээ гээд маргааш нь жингээ үзэхэд 200-300 граммаар заалттай хасчихсан байдаг байсан. Гол нь хуурай идэх юм болон дээр хэлсэн хүнсийг идэж болохгүй. Одоо бол би 14.00 цагаас хойш махан юм иддэггүй. Түүнээс цааш бол тараг, алим, ааруул, усыг хүссэнээрээ идэж, уудаг даа.
-Давсгүй хоолоор турчихлаа гэхэд цаашдаа яаж жингээ барих вэ?
-Давсны хэрэглээгээ хянах хэрэгтэй санагдсан. Гэртээ хоолоо хийгээд ажил дээрээ идвэл илүү үр дүнтэй. Гэхдээ гадуур хооллох зайлшгүй боллоо гэхэд давс багатай хүнс сонгох хэрэгтэй юм билээ. Бас таргалуулдаг нарийн боов, чихэр шоколадыг аль болох бага хэрэглээд байвал жингээ барихад асуудалгүй гэж боддог. Би гэртээ хүүхдээ хардаг болохоор заримдаа болох болохгүй юм идээд жингээ удаан хассан гэж боддог юм. Заримдаа нүдэнд гоё гоё чихэр, шоколад харагдаад тэвчихгүй идчихдэг байсан. Уг нь өдөрт 300 гр дор хаяж хасдаг хүн чинь амттай юм идээд байвал маргааш нь ч, нөгөөдөр нь ч нөгөө л жин дээрээ хэвээрээ байх жишээтэй. Тиймээс бүсгүйчүүд маань өөртөө үнэнч байгаад амттай, гурилан юм идэхгүй байвал 20 кг-ыг 2 сард ч хасч чадна шүү гэж хэлмээр байна.
Эх сурвалж: www.mongoljingoo.mn