

Нийслэл хотын гудамжинд тамхи татах цэг гэсэн цөөн хэдэн шилэн хорго хаа нэг л харагдах болж. Харамсалтай нь цоожтой. Монгол Улс тамхины хуультай болоод багагүй хугацаа өнгөрөв. Улаанбаатарын тамхичид утаагаа хаана баагиулахыг төрөөс зохицуулна,тамхи татах цэг дээр татуулна гэж зөндөө ярьсан. Хэдэн шилэн амбаар энд тэнд харагдах болсон нь тамхи татах цэг юм гэнэ. Харамсалтай нь, бүгд цоожтой. Хэн гээч даргын халаасанд түлхүүр нь явдгийг хэн ч мэдэхгүй. Таван хүн орж зогсоход багтамгүй тэр амбаарнуудын үнэтэй гэж яана. Улаанбаатар хотын хэмжээнд 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 20 байршилд тамхи татах цэг байгуулсан гэж хотын дарга нар сайрхана. Хэзээ тууз хайчилж, үүд хаалгыг нээх нь тодорхойгүй. Хэний харьяанд байдгийг сонирхвол, тамхины цэгийн ашиглагч байгууллагаар Улаанбаатар нэгтгэл ажилладаг гэсэн сураг гарав. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар барьж байгуулжээ. Төмөр раам зангидаад шилэн хана босгосон 10 ам.метр орчим амбаар 14-15 сая орчим төгрөгөөр боссон гэнэ. Арай ч дээ, иднэ иднэ гэхэд ингэж идэж болдог л юм байх даа. Хотын дарга нар,ичиж амьдраасай. 300 сая төгрөгөөр хэдэн шилэн амбаар барьж байхаар өөр юм хийсэн бол... Дэлхийг тойрон хэрэн хэсэж явдаг дарга нар гадаадад тамхи татах цэг ямар байдгийг харсан баймаар. Ердөө аятайхан үнсний сав л байдаг. Манайд тамхичдыг тавтай тухтай тамхиа татаг гэж бодож байгаа юм бол үнсний савных нь хажууд сандал тавиад өгчих л дөө. Мөнгө халааслахын тулд хумслахаа болиоч, дарга нар аа. Ард түмнийг тэнэг гэж бодсоор байгаад эрхэм дарга нар учраа олохоо больж дээ, зайлуул. Аж үйлдврийн сайд Д.Эрдэнэбатын тамхи татах цэгийн талаар ярьсныг анзаарвал, ”Далд тамхидалтыг багасгах нь тамхины цэг байгуулах. Харин тамхины цэгийг өртөг өндөртэй байгуулах нь өрөөсгөл асуудал. Автобусны буудлууд дээр байгуулсан тамхины цэгийг хараад би гайхдаг. Угтаа тамхины цэг нь ил задгай байж болох л байсан. Гагцхүү байршил зааж зориулалтаар нь тохижуулсан байх хэрэгтэй. Би энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын даргатай ярилцсан гэж ойлгосон. Тамхины цэг байгуулахын төлөө өртөг зарах шаардлагагүй байсан юм. Гудамжинд 200 метр тутамд нэг тамхи татах цэг байгуулах хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед тамхи татах цэг байгуулах асуудлаар буруу ташаа мэдээлэл явж байна. Харин орон сууц зэрэг битүү газар 1ам. метр талбайд байлгах хэрэгтэй. Хуулийг гажуудуулж болохгүй” гэж ярьсан. Тамхины цэг байгуулж байна гэж 300 тэрбумыг залгисан дарга нар үүнийг сонссон байх. Мангас идсэнээ мэддэггүй гэж үг байдаг, арай л хагартлаа зооглоод байна биш үү.

Гадаадын тамхи татах цэг иймэрхүү янзтай

Манайхан тамхи татаж байна
Сэтгэгдэл (15)