
Н.Наран

Нэгэн цагт Хөвсгөлөөс УИХ-д сонгогдож байсан Л.Гүндалай ирэх сонгуульд Эрдэнэтээс үзэхээр шийдсэн бололтой. Тэндээс шинээр байгуулах намдаа гишүүдийг шуурхайлан элсүүлж байгаа аж. Эрдэнэтийн төв талбайг хэдэн өдөр эзэгнэнхэн шуугиулж байгаа нь эгээ л хошин шогийн тоглолтыг санагдуулж байна гэж хүмүүс жуумалзах. Хөдөөний хүмүүс сониуч байдгийг тэрээр анзаарчээ. Ингэж сонирхож байгаа дээр нь “Хайрын бурхан”-ы дүрд итгэлтэй тоглож байгаад пиараа хийгээд авъя гэж сандарч байх нь янзтай гэнэ. Барилгачдын талбай, Үйлчилгээний төвийн өмнөх газруудаар явуулын “оффис” ажиллуулан иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. Түүнийг дэмжиж 801 хүн гарын үсгээ зурвал “Ард түмнээ хайрлая” намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэнэ. Угаасаа Монголд 801-үүлээ нийлбэл нам болж тоглох эрхтэй болохоор Л.Гүндалайн нам байгуулах эрх нээлттэй. Хэдэн жилийн өмнө хаврын хавсарганаар “Ард түмний нам” байгуулна гээд Жанжны талбай дээр яг л ингээд сууж байж билээ. Дандаа л ард түмэн гэж хошгируулж байдаг хойно энэ хаврын синдром нь бас л ард түмнээ хайрлая гэдэг сэдэвтэй. Л.Гүндалай хэзээ ард түмэнд хайртай байсан юм бол гэж бие биеэсээ асууж байгаа хүмүүсийг өөрөөс нь асуу гэж хэлье. Их хурлын сонгууль болоогүй байхад гудамжинд олон түмэнтэй “үнсэлдээд” эхэлсэн эрхэм маань жилийн дараа бол айл хэсэж хоноод хайраа түгээж мэдэх юм даа. Эрдэнэтийнхэнд таалагдах гээд бүр тийшээ шилжиж очсоноо ид бах болгон ярьж явна. Тэр шийдчихжээ.
“Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооноосоо албан ёсоор хасалт хийлгээд, Орхон аймгийн Баянбулаг багийн Баян-Өндөр гудамжны 277 тоотод бүртгүүлсэн” гээд нэг их том ажил бүтээчихсэн юм шиг ярихыг нь Эрдэнэтийн учир мэдэх хүмүүс шоолон мушилзаж байна. Орхон аймгаас УИХ-д сонгогдсон О.Содбилэг, Л.Цог нар Эрдэнэтэд хашаа барьж амьдраагүй. Тэднийг ард түмэн сонгоод л Төрийн ордонд залчихсан. Харин Л.Гүндалайг яах бол. Өмнө нь УИХ-д сууж байхдаа хурал үймүүлж,элдэв авир ааш үзүүлэн “алиа салбадай” болж байсныг нь эрхбиш ард түмэн мартаагүй байх. Ард түмнийг хайрлах уриатай ирээдүйн намын дарга Орхон аймгийн Газрын албанд газар эзэмших өргөдлөө өгсөн, газраа авангуут хашаагаа хатгаад, гэрээ бариад эхнэр хүүхдээ авчраад амьдарна гэнэ дээ. Хамгийн хөгжилтэй нь, сонгууль хүртэл амьдарна гэнээ. Сонгуулийн дараа хаачих юм бол. Арай УИХ-д сонгогдоод Улаанбаатар руу нүүнэ гэж бодож байгаа юм болов уу. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэдэг үнэн үг бий. Бас “Их санасан газар есөн шөнө хоолгүй” гэж ч ярьдаг. Увсынхан Х.Баянмөнх аваргыгаа хадаг дэлгэн угтаж,“аварга дээшээ суу” хэмээн өргөмжилж байгаад яг сонгуулийн өдөр унагачихсантай адил юм болохвий. Монголд сэрэхгүй бол сайхан зүүдэлж байгаа хүмүүсийн жагсаалтыг Л.Гүндалай эхлүүллээ.
Сэтгэгдэл (6)