Төрийн ордны Их танхимд “Монгол Улсын алсын хараа” нэгдсэн хуралдаан эхэллээ.

Монголын "Эдийн засгийн чуулган 2015" хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нэгдсэн хуралдааны модератороор Нээлттэй мэдлэг боловсрол сангийн тэргүүн Д.Энхбат, панелистаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Д.Сосорбарам, Залуу үеийн ерөнхийлөгчдийн байгууллагын дэд тэргүүн Ц.Эрдэнэбат нар оролцож байна. 

Хуралдааны модератор Д.Энхбат “Хэрвээ та аль боомтод очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхи танд тус болохгүй гэж Английн зүйр үг байдаг. Үнэхээр Монголчууд бид үүнийгээ мэдэж байгаа юу. Бид энэ асуудал дээр өнөөдөр төвлөрч ярих хэрэгтэй” хэмээгээд эхний асуултаа асуулаа.

Асуулт: Алсын хараа бидэнд бий юу. Байгаа бол юуг хэлээд байна вэ. Байхгүй бол яагаад байхгүй байгаа юм бэ?

П.Очирбат: Гар утсаараа малчин хүн бэлчээр дээрээс Вашингтон, Москва, Токио, Парис руу ярьж байна. Энэ чинь бар улсын элемент биш үү

-П.Очирбат: Монгол Улсад алсын хараа бий, явж байгаа. Би анх Ерөнхийлөгч болоод Монгол Улс Азийн бар болно гэж хэлж байсан. Тэгж хэлэхдээ хаашаа явахаа мэдэхгүй бол хөгжихгүй гэсэн утгаар хэлж байсан. Гэхдээ нэг хүн хэлэхэд л маргааш нь бар улс болдог юм биш. Гэхдээ итгэлтэй, тууштай явах ёстой.
Бид нар ийм үр дүнд хүрсэн. Одоо бэлчээр нь малаа даахаа больсон. Зам нь машинаа багтаахаа больсон. Гар утсыг хоёр, гурваар нь өвөртөлж явдаг болсон. Гар утсаараа малчин хүн бэлчээр дээрээс Вашингтон, Москва, Токио, Парис руу ярьж байна. Энэ чинь бар улсын элемент биш үү. Бид чамлаж болохгүй.

Д.Сосорбарам: Авлигатай тэмцэх газрын араншинг УИХ татаж ав

-Д.Сосорбарам: Би Цэнддоогийн “Тоглоомон улсаас тоглоомын улс”-ыг уншлаа. Монгол хүний явж ирсэн зам, араншинг егөөдөж бичсэн байна. Тэгээд Тоглоомон улсын тоглоомын дарга нарын энэ өглөөний амгалан айлтгая. Үүнийн хошигнол гэж ойлгоно уу, үнэнийг хэллээ гэж үзнэ үү өөрсдөө мэдтүгэй. Монгол Улсад алсын хараа бий.
Бизнесүүд, хүнээ өмөөрсөн бодлогын ойрын үед хийхгүй бол болохгүй. Монголчууд үндсэндээ айдаст автаад байна. УИХ нэн даруй Авлигатай тэмцэх газрыг зөв гольдрилд нь оруулах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Заавал тийм том, эрх мэдэлтэй байгууллага хэрэгтэй юм уу, Цагдаагийн байгууллагын нэг хэсэг байж яагаад болдоггүй юм. Авлигатай тэмцэх газрын араншинг УИХ татаж ав.
Авлигатай тэмцэх хэрэгтэй. Гэхдээ энэ байгууллага хэрээс хэтэрч хүний өөрийнгүй сүрдүүлээд, хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна. Монгол Улсын алсын харааг ойрын хараанаасаа эхлэн сайжруул гэж хэлмээр байна.

Ц.Эрдэнэбат: Монгол Улсад алсын хараа алга

-Ц.Эрдэнэбат: Манай улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн алсын хараа алга. Одоо бид ойлгомжтой, тодорхой алсын хараатай болох хэрэгтэй байна.

С.Бямбацогт: Төрийн бодлого өнөөдөр тодорхойгүй, тогтворгүй байна

С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ-аар батлаад мартсаныг эс тооцвол Монгол Улсад алсын хараа алга. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой болох Ажлын хэсгийг байгуулж, УИХ дахь гурван бүлгийн дарга Ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Монгол Улс төрийн туг бодлоготой болох юм. Төрийн бодлого өнөөдөр тодорхойгүй, тогтворгүй байна.
Сонгуулиас сонгуулийн хооронд өртөөлсөн намын мөрийн хөтөлбөр төрийн бодлго болдог. Ийм байдлаар бид 20 гаруй жил явж ирлээ. Тиймээс “2040 он хүртэлх  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Хөгжлийн бодлогын гол шалгуур нь төрийн бодлого тодорхой, тогтвортой, түүнийг хэрэгжүүлэхийн тулд тууштай явдаг байх ёстой. Үүнийг зөвшилцөн, ойлголцож асуудлыг шийддэг, хяналт тавьдаг байх ёстой.

С.Баярцогт: Монгол Улсын алсын хараат бодлогыг хүчтэй лидер, түүний баг боловсруулж гаргаж ирэх ёстой

С.Баярцогт: Алсын хараа, би хаана байна вэ гэдгийг мэдэхийн тулд харьцуулж байж дүгнэлтэд хүрнэ. ХХ зуунд нэг хүний амьдралын хугацаанд улс орноо хөгжилд хүргэж чадсан хүчтэй лидер улс орнуудад байна уу гэдгийг судалсан байдаг.
Харвардын их сургуулийн судлаачид нэлээд их судалгаа хийсний үндсэн дээр Турк улсыг Ата Турк, Сингапурыг Ри, Солонгосыг Пак Чон Хи, Хятадыг Дэн Си Пин нэг хүний амьдралын хугацаанд улс орны хөгжлийн өндөр түвшинд гаргаж чадсан, бүхэл бүтэн үндэстнийг дахин шинэчилж чадсан  бодлого, алсын хараатай удирдагчид байсөн гэж дүгнэдэг. Энэ бүх улс орон өөр өөрийн онцлогтой.
Энэ бүх улс орнуудын онцлогийн хараад 1990 онд хувьсгал хийсэн Монголыг харвал тэр үед хийсэн улс төрийн сонголт маань эдийн засгийн хувьд зөв байсан. Энэ улсуудын түвшинд хүрч чадах үүлэн чөлөөний нар мэт боломжийг бидэнд олгосон. Бидний 25 жилийн амжилт бага зүйл биш.
1990 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн болчихоод Монгол Улсын эдийн засгийн бүх нууц тоог авч байсан. Тэр үед би П.Очирбат гуай, Д.Бямбасүрэн гуай, Р.Гончигдорж гуай гурвыг маш их өрөвддөг байсан. Ийм хүнд нөхцөл байдалд улс орныг авч явна гэдэг амаргүй. Улсын төсвийн дийлэнх хэсгийг ЗХУ-ын тусламжаар нөхдөг. Хөгжлийн бүх бодлого нь ЗХУ-ын хавсарга эдийн засгийн бааз, түүхий эдийн бэлтгэлийг хангах ёстой. Ийм улсыг бие даалган хөгжүүлэх ёстой. Ийм хүнд нөхцөлд жинхэнэ утгаараа тусгаар тогтносон хөгжлийн бодлогыг боловсруулах боломжийг шинэ үеийнхэн тавьсан.
Дараа нь 1996 онд Ардчилсан хүчин ялсны дараа би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн анхны Засгийн газарт ажилласан. “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт нэг ч төгрөг өгөхгүй хүнд үе байсан. Тэр үед Улсын төсөв орлого, зарлагаа хүнд үед ч нөхөөд аваад явж ирсэн. Тэр зам зөв байсан. Одоо улсын төсвийн орлогын 80 хувийг одоо хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа. Бидний хийсэн сонголт зөв байсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.