
Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Бурхан халдун уулын зүүн хэсгээс эртний Монголын ихэс дээдсийн онгоныг олж тогтоожээ. Ийм мэдээг өчигдөр Японы “Киодо Цусин” агентлаг тус улсын шинжлэх ухааны төв байгууллагатай хамтран түгээсэн байна. Тэр олдвор Их Эзэн Чингис хааных мөн байх магадлалтай гэнэ. Одоохондоо энэ мэдээлэл үнэн худлыг нотлоогүй байна. Манай улс 1990 оноос эхлэн Их хааны онгоныг олох төсөл хэрэгжүүлсэн. Гэвч өнөөг хүртэл юм олоогүй байгаа. Зөвхөн Монголын нутагт ч биш Өвөр Монголын зарим газар нутгаар олог жил эрэл хайгуул хийсэн билээ.Яг үнэндээ ард түмэн Их хааныхаа онгоныг хөндөхийг тийм ч таатай хүлээж аваагүй өнөөг хүрсэн. Өвөг дээдсийн шарилыг ухаж төнхөх нь түүхээ үл хүндэтгэсний шинж гэж монголчууд цэрвэдэг. Тэгээд ч онгоныг хөндөх нь мөнх тэнгэрийн зарлиг мөн үү гэдэгт олноороо эргэлздэг. Тэгвэл өчигдөр “ Америкийн “Nasa” сансар судлалын төв, Японы сансар судлалын GVC-тэй хамтран Монгол Улсын зүүн хойд нутгаас дэлхийн түүхэнд өмнө нь олдож байгаагүй маш том цогцолбор оллоо. Энэ бол Их эзэн Чингис хааны онгон мөн” гэсэн мэдээг палхийтэл цацаж орхилоо. Онгоныг олоход Япон Улсад бүтээсэн олон мянган метрийн газрын гүн дэх зүйлийг татдаг “LC дурангаар илрүүллээ гэдгийг ч зарлав. Уг дуран бол сүүлийн үед гео хайгуулын эрдэмтэд, судлаачдын гол зэвсэг болж байгаа өндөр зэрэглэлийн багаж юм. Хан-Хэнтий нурууны зүүн хормой Бурхан халдун уулын сав нутагт орших Их хааны шарилын орчин тойрон нь нийтдээ 1000 метр шоо дөрвөлжин хэлбэртэй, найман тасалгаатай юм байна гэж мэдээлжээ. Гол хэсэгт нь байгаа Их эзэн Чингис хааныг хэвлий орчимдоо уран сийлбэр бүхий тамгаа барьснаар байршуулсан янзтай. Бас хөлийнх нь хоёр талд хэвтэж буй арслангийн сийлбэр байгаа бол тэргүүн дээр нь хөх тэнгэрийг билэгдсэн дүүлэн нисч буй шонхор шувууг байрлуулжээ. Мөн урд зүгт нь найман бүгээн зүсмийн морь байх агаад, эргэн тойронд үнэт эрдэнэс, эмээл хазаар байгаа аж. Харин бусад хэсэгт нь хүлэг баатрууд, хатад гэх ойр шадар хүмүүсийн шарил байгааг тусгай нарийвчлалтай дурангаар илрүүлсэн гэжээ. Түүхэнд Чингис хааны үеийн их төрийн тамга өнөөг хүртэл олдоогүйг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгвэл ийнхүү их эзэн хааны онгон төрийн тамгаараа танигдсан гэж судлаачид үзэж байна. Үнэхээр агуу Чингисийн онгоныг малтана,ил гаргана гэвэл нүсэр ажил болно. Юуны өмнө ажлын баг гарч таарна. Тэр багийнхан Монгол Улсын Засгийн газраас тусгай зөвшөөрөл аваад ажилдаа орох байх. Тэр цагт юу сонсдохыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл (38)