
Монгол улсын гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат өнгөрсөн ням гарагт нас барсан. Тэгвэл түүнийг маргааш сүүлийн замд үдэх юм байна. Тэрээр 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний бөхөөр олон жил ард түмнээ цэнгүүлэн барилдсан бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит гарьд байв. П.Сүхбат нь үндэсний бөхөөс гадна бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж асан, дэлхийн хүчтэн байсан юм. Үндэсний бөхөөр ид барилдаж байхдаа дархан аварга Б.Бат-Эрдэнийг ардын хувьсгалын 70 жилийн ойн шөвгийн дөрөвт өвдөг шороодуулж байлаа. Энэхүү барилдаан нь Монгол үндэсний түүхэнд мөнхрөн үлдсэн бөгөөд Монгол үндэсний бөхийн хөгжилд Пунцагийн Сүхбат гарьд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аж.