“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэллээ

БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ. 
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурлын эхэнд, Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин  сүүлийн жилүүдэд эрс  доройтож, хүн амын 50 гаруй хувь нь  амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол  аюулын харанга дэлдэж  байна. Энэ гамшгийн эсрэг тэмцэх хамгийн зөв гарц бол байгаль өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгож мод тарих юм. Тиймээс дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох , модыг зөвхөн тарих биш “ ургуулах”, Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах,  бодит үр дүнд хүрсэн байх зорилго бүхий хөдөлгөөнийг эхлүүлж байна” гэлээ.


  “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр  сарын 15, аравдугаар сарын  1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх ажээ. Эхний үе шатанд  нэг сая  мод тарьж, арчилна, хоёрдугаар үе шатанд модоо  нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. 


Судалгаанаас үзэхэд 50  жил ургасан нэг  мод амьдралынхаа туршид 38 сая  төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая  орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж,197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. 

Сайд Д.Оюунхорол “Улаанбаатар хотын иргэдийг амьдрах орчныхоо төлөө “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д онцгой идэвхтэй оролцож, хашаа хороондоо бүгдээрээ мод тарьж, ургуулья, баг хороо бүр бичил цэцэрлэгтэй болъёо, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн төгөл, өөрийн ойтой болъё” гэж уриаллаа. 
Мод тарихад модоо хаана тарих вэ,  тарьц, суулгац хаанаас, хэрхэн авах вэ гэсэн хоёр асуудал тулгардаг. Тэгвэл иргэдийн хувьд эхний ээлжинд хашаа, хороондоо, боломжгүй бол баг хорооныхоо бичил цэцэрлэгт , цэцэлэгт хүрээлэнд мод тарих боломжтой  бол аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн төгөл бий болгох газраа Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги, сум дүүргийн  Засаг даргаас авна. Харин тарьц, суулгацыг мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр тарьц, суулгац нийлүүлэхийг зорьж байгаа гэдгээ сайд Д.Оюунхорол дуулгалаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.