

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шинэхэн сайд нар төрийн алба хааж байгаа жирийн алба хаагчдыг халж солиод тун их ажилтай байна. Хэдийгээр сайд нар хэрэггүй орон тоог цомхотгож улсын мөнгийг хэмнэж байгаа гэсэн ганцхан “эх оронч” тайлбартай ч намчирхаж байгаа нь гарцаагүй аж. Сайд болно гэдэг бүх насаараа тэр албыг хашиж,тамга тэмдгийг нь атгаж сууна гэдэг худлаа билээ. Эзний алба ээлжтэй,хааны алба халаатай болохоор нэг л өдөр түүний оронд хэн ч ирж мэднэ. Ялангуяа сонгууль айсуй өнөө цагт сайд байх хугацаа тийм ч урт бишийг сана. Зөвхөн өөрийн итгэлт хүмүүсээр хүрээлүүлж амттайхан бялуугаа пологттол идэж амжаагүй байтал юу ч болж магадгүй. Халаа сэлгээ хийх, сонгууль бодож улстөржих сөхөөгүй ажиллах тангарагтай Шийдлийн Засгийн газар өмнөхөөсөө ялгарсангүй. Д.Оюунхоролын “тушаалаар” 50 гаруй хүн ажлаасаа халагдсан гэнэ. Хуучин сайд С.Оюун ИЗНН-ын угшилтай олон хүнийг яамандаа “шахаж”, багаа бүрдүүлсэн гэдэг. Харин одоо Д.Оюунхорол сайд ИЗНН-ын хүмүүсээс салж, эелдэгхэн үдэж, оронд нь МАН ба Завханы хүмүүсийг даллан дуудаж байгаа гэлцэнэ. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг яамнаасаа Завханы хүмүүсийг “баяртай” гэж байна. Түүний өмнө ажиллаж байсан Я.Санжмятав сайд Хөдөлмөрийн яамыг Завханы яам болгосныг багагүй шүүмжилж байсан даа. Харин одоо шинэ сайд хуучин сайдын цуглуулсан хүмүүстэй ажиллахыг хүсэхгүй байгаа аж. Сураг сонсвол, МАН-ын болон Өвөрхангай угшлын хүмүүс С.Чинзориг сайдыг тойрон эргэлдэж байгаа дуулдана. Одоохондоо тэрээр ажлаас чөлөөлсөн 85 хүний оронд ямар хүнийг авах “хөзрөө” хараахан дэлгээгүй байна.
Сэтгэгдэл (2)