
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Монгол орныхоо байгалийг унаган төрхөөр нь байлгахын төлөө олон жил тэмцсэн гэдгээр нь хүмүүс мэддэг. Гэхдээ “эр алдаж,эрэг нурдаг” болохоор алдаа гаргасан нь ч үнэн. Урт нэртэй хуулийг эсэргүүцэж Уул уурхайн яам, "Централ тауэр”-т тэсрэх бодис тавьж, буу, сум, тэсрэх бодис галт зэвсэг хэрэглэн олон нийтэд айдас төрүүлэхээр заналхийлсэн хэргээр шүүхээс долоон жилийн ял сонссон. Хэдийгээр Ц.Мөнхбаяр тэсэрч дэлбэрэх бодисыг байлдааны бэлэн байдалд оруулаагүй, хэн нэгний амь нас, эд хөрөнгөд халдаагүй, байгаль орчноо хамгаалах иргэний үүргээ биелүүлэхдээ нийтийн эрх ашгийн төлөө эрх баригчдад шаардлага тавьсан ч төрийн хуулиар ял шийтгүүлсэн. Түүний өмгөөлөгч Л.Данзанноров хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг шүүх хурал болгон дээр тавьсан боловч хэрэгсээгүй. Түүнийг хоригдсоноос хойш ард түмний зүгээс “суллаач” гэсэн хүсэлт шаардлага тасраагүй билээ. Ц.Мөнхбаяр улсад хохирол учруулаагүй, байгаль орчны төлөө төрийн дархлаа болж явсан түүнд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга хэлж байсан. Тэрээр Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх санаачилга гаргасан хүний нэг нь юм. Ард иргэд өөрсдөө санаачилж “Ц.Мөнхбаярыг суллая” хөдөлгөөн өрнүүлж, түүнийг уучилж өршөөхийг улсын Ерөнхийлөгчөөс гуйсаар байгаа. Тэр ч байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” компанийн удирдлагаар ажиллаж байсан Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлэхэд Монголд асар их хохирол учруулсан гадны гэмт хэрэгтнүүдэд уучлал үзүүлж болж байхал эх оронч Ц.Мөнхбаярт яагаад болохгүй вэ гэсэн “барьцах” яриа хөөрөө амнаас ам дамжсан. Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын хэлснээр “Жастин Капла нар өөрсдийн гараар бичсэн уучлалт хүссэн бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хуулийн дагуу тодорхой хугацааны дараа уучлал үзүүлэх эрх нь нээгддэг. Монгол Улсын иргэн биш хүнд уучлал үзүүлдэггүй гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Татвараас зайлсхийснээс гадна олон төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн хүмүүст бол уучлал үзүүлэх боломж байдаггүй. Харин анх ийм хэрэгт холбогдсон тэгш эрхтэй хүн бүр уучлал хүсэх эрхтэй. Тэр нь гадаад, дотоодын иргэн гэдэг нь хамаагүй. Ерөнхийлөгч асуудлыг нь судалж үзээд уучлал үзүүлэх боломжтой байдаг. Мөн энэ гурван иргэний хэрэгтэй холбогдуулан Филиппин улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн. Тус захидалдаа манай улсын хоёр иргэнийг уучилж өгөөч гэсэн. Урьд нь манай Ерөнхийлөгч өөрийнхөө иргэнийг цаазын ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг Хятад улсын даргад тавьж байсан. Энэ хүсэлт нь амжилттай хэрэгжсэн байгаа. Энэ мэт төрийн тэргүүнүүд иргэнийхээ эрхийг хамгаалж бие, биедээ хүсэлт тавьдаг жишиг дэлхий нийтэд байдаг” болохоор хүний нутгийн хүмүүсийг уучлаад нутаг буцаасан. Монголд уул уурхайн олборлолт явуулдаг “Саусгоби сэндс” компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобал Дэвид, Ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком нарыг онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн Монголын шүүхээс таван жил арван сар хорих ялаар шийтгүлсэн нь Ерөнхийлөгчийн уучлалаар цайрсан нь тэр. Тэгвэл эх орон газар нутгийнхаа төлөө арга ядан тэмцсэн Ц.Мөнхбаярыг Улсын маань Ерөнхийлөгч уучилна гэдэгт монгол хүн бүр итгэж найдаж байгаа. Эрхбиш монгол хүмүүс байна даа,бие биеэ хайрлая л даа. охин болон, Ц.Мөнхбаяр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс уучлал гуйж, өөрийн гараар өргөдөл бичиж хүргүүлсэн. Тэр өргөдөл эрхбиш Ерөнхийлөгчийн гарт очсон гэдэгт найдъя. Үүнийг хэлэхийн учир нь өмнө нь бичсэн яг ийм 2 өргөдөл хаана ч юм бэ дарагдсан бололтой. Хэрэв Ерөнхийлөгчийн мэлмийд хүрсэн бол хариу өгөх нь тодорхой байсан. Харин энэ удаа Ц.Мөнхбаярын өргөдөл очсон байгаасай, Ерөнхийлөгч маань өгөөмөр сэтгэл гаргаж,сайхан хариу өгөөсэй.
Сэтгэгдэл (8)