
“Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн уриа чиханд чимэгтэй гэж яана. Энэ жил ноолуурын үнэ 65 мянгаас дээшлэхгүй байгаа болохоор үндэсний компаниудын бүтээгдэхүүний үнэ хямдрана гэсэн нууцхан горьдлого талаар болно. Өнөөдрийн байдлаар малчид үнэ өсөхийг хүлээнэ, ямаагаа самнах болоогүй хэмээн гэдийх янзтай. Манай улс жилд дунджаар 6000 тонн ноолуур самнадаг. Харин өвөрмонгол малчид жилд 2000 тонн ноолуур боловсруулдаг. Манай улс жилд гарч байгаа ноолуурынхаа ердөө 10 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгодог. Хятад руу дунджаар 3000 тонн угаасан болон бохир ноолуур экспортолдог гэсэн судалгаа байгааг эдийн засагчид хэлдэг.
Өнгөрсөн жил Монголын хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар нэг кг ноолуур дунджаар 89 мянган төгрөгт хүрч, малчдын магнайг тэнийлгэж байв. Энэ нь өмнөх жилийнхээ ханшаас 30 орчим хувиар өссөн үзүүлэлт байсан. Гэтэл энэ жил кг ноолуурын үнэ 65.500 төгрөгт хүрээд зогсчих бололтой . Малчид хавар болохоор ноолуураа өгнө зээл авч өр тавьсан байдаг аж. Энэ жилийн хувьд хэцүүхэн болох нь гэсэн үг хаврын салхинд айлаас айл дамжиж байна.
Ямаа самнах ажил цаг агаар дулаарахыг даган зүүнээс баруун тийш шилждэг уламжлалтай. Харин энэ жил зүүн аймгууд ямаагаа самнахыг яарахгүй гэлцэж байна.