

Монголд бэлэн гоймон нэртэй нэг төрлийн хоол дэлгэрээд багагүй хугацаа өнгөрөв. Архи хэтрүүлсний маргааш бэлэн хоолоор шар тайлдаг, ханиад хүрэнгүүт идвэл амархан эдгэрдэг гэсэн сурталчилгаа амнаас ам дамжина. Гэхдээ бэлэн гоймон тааруу хоол гэдгийг идэгч этгээд байтугай үйлдвэрлэгчид нь хүлээн зөвшөөрдөг. БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгч “Нонгшим” компанийн бэлэн гоймонгоос хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодис илэрснийг өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад мэдээлсэн байна. Халуун усанд хиймэгц идэхэд бэлэн болдог бүх төрлийн бэлэн гоймонг 350-400 градусын халуунд чанаж үйлдвэрлэдэг аж. Ингэж бэлтгэх явцад гоймонд хорт хавдар үүсгэгч бензоприн хэмээх бодис үүснэ. Нэг кг бэлэн гоймон тутамд 2,0-4,7 микрограмм бензоприн агуулагддаг. Энэ бол хэвийн хэмжээнээс 3-7 дахин их тоо юм. Бэлэн гоймон монгол хүний ходоодыг шархлуулж, цоолж байна. Солонгосууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг нь бэлэн гоймон их иддэгийнх. Өнөөдөр Монголд ходоодны цооролт, шархтай гэсэн оноштой олон хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна. Бэлэн гоймон монголчуудын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж эхэлсэн гэж эмч нар анхааруулж байна. Ходоод нь цоорсон гурван хүүхэд үхэл амьдралын зааг дээр эмнэлэгт иржээ. Хүүхдүүдээс ямар хоол иддэг, өглөөний цайнд юу идэж уудгийг асуухад "Өглөө юм идэхгүй хичээлдээ явдаг, өдөр ангийнхантайгаа хийжүүлсэн ундаа ууж, бэлэн хоол иддэг, эсвэл хуушуур пирожки иддэг" гэжээ. Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих зав чөлөөгүй болж, хүүхдийн эрүүл мэнд хохирч байгаа нь энэ. Нөгөө талаас хүүхдүүд аав ээжийнхээ ид, уу гэснийг тоохгүй, өөрийнхөө хүссэнийг идэж уудаг болсон. Эмч нарын ярьж буйгаар буруу хооллосноос ходоод өвдөж шархална. Шархалсан ходоод 2-3 жилийн дараа цоордог. Ходоодны шарх бол хавдрын урьтал өвчин. Тиймээс ходоод өвдлөө гээд буцалсан ус, ойр зуурын эм ууж аргацааж болохгүй. Цаг алдалгүй эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Бэлэн гоймонг хортой муу хоол, хорт хавдар үүсгэдэг гэж хичнээн яриад хүүхдүүд нүд ирмэх зуур идэхээ болино гэдэг худал. Тэгэхээр бэлэн гоймон импортолдог аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор хазаарлая. Оройтоогүй дээр нь ийм арга хэмжээ авахгүй бол Монголын ирээдүй үе ходоодны шархтай болж байна
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд өдөрт нэг, түүнээс ч олон удаа бэлэн хоол иддэг гэж бүгд хариулсан байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, буруу зөрүүг засахгүй бол хожим харамсах хэрэг гарна. Эцэг эхчүүд доорхи сануулгыг уншиж,хүүхдүүддээ хэлж өгвөл илүүдэхгүй болов уу.
• Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг. Бага насны хүүхдийн бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж,бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна.
• “The Consumer Education & Research Society” байгууллагаас хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийжээ. Амин дэм ба төмрийн агууламж өндөртэй гэгдэж багагүй сурталчлаад байсан эдгээр бэлэн гоймонгийн найрлагад өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.
• Хэдийгээр дэлхий дээр чанартай ба чанаргүй олон төрлийн бэлэн гоймон хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа. Шинжлэх ухааны үүднээс гаргасан мэдээллээр эдгээр бэлэн гоймонд та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минерал агуулагддаггүй нь нотлогджээ. Бэлэн гоймон хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогдож байна.
• Бэлэн гоймонд моносодиум глютамид хэмээх найрлага агуулагддаг. Энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм. Дэлхий дээр ийм төрлийн бодисноос харшилдаг хүмүүс цөөнгүй. Хэрэв бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр халуу дүүгэх, гар хөл янгинах шинж тэмдэг илэрч байвал танд ч харшил байна.
• Бэлэн гоймонг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй юм. Бэлэн хоолыг байнга идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөнө. Ингэснээр хоол боловсруулах замын ээмгэгүүдийг дагуулж ходоодны шарх үүсгэнэ.
• Таргалалтын үндэс болбэлэн хоол юм. Содын хэт агууламж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлахгүйд хүргэнэ, жингийн илүүдэлд орно.Шээс ялгаруулах явц удаашрах нь биеэс хорт бодисыг гадагшлуулах боломжгүйд хүргэнэ. Энэ нь та бидний бие махбодыг аажим хордуулж эхэлдэг.
• Бэлэн гоймонгийн гол найрлагад пропилин гликол гэх химийн нэгдэл агуулагддаг.Энэ бол хөлдөлтийн эсрэг бодис юм. Зориулалт нь гоймонг чийгшүүлэхгүй, хэт хуурайшихаас сэргийлж хэвийн орчинд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг. Гэвч энэ нь хүний дархлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлдгийг мэддэггүй. Дархлалын тогтолцоонд нөлөөлөөд зогсохгүй зүрх, элэг, бөөрийг өвчлүүлдэг нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (9)