Машин ачуулсан мөнгө чинь, “вандан тас” шүү

Н.ДӨЛ

Улаанбаатар хотын төв  замын нэгдүгээр эгнээнд машинаа орхиод  явчихсан хэний ч хэнбугайг өршөөхгүйгээр машиныг нь үг дуугүй ачдаг журам хуулиас илүү хүчтэй байгаа. Хэрэв яарч сандраад машинаа “эвгүй” байрлуулсан бол “дуусаа” гэж мэд. Журмын хашаанаас авах мөнгөө өвөртлөөд араас нь яв.  Гэхдээ энэ журам тийм ч ухаалаг шийдвэр биш гэдгийг  ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдсэн. Машин ачих үйлчилгээнээс 647 сая 710 мянган төгрөгийг  хууль бусаар  хураасныг тус газрынхан шалгалтаар  илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл машин ачигчид жолооч нарын халаас руу гараа дажгүй лавхан  дүржээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан албан ёсоор мэдэгдэхдээ  “Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны наймдугаар сард тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байна. Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгожээ. Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70-80 мянган төгрөгөөр зөөж шилжүүлж, 647 сая төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.   Харин дараа нь нэг удаагийн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55 мянган төгрөг болгож бууруулсан нь зөрчлийг арилгуулсан байна” гэж онцолсон юм. Зам дээр журам зөрчсөн   машинуудыг зөөж шилжүүлэхдээ хууль бусаар авсан 647.710 мянган төгрөгийг буцааж өгөх нь  шударга ёсонд нийцэхийг  Т.Аюурсайхан дарга хэлсэн.  Тэрээр иргэд эсвэл тэднийг төлөөлөх байгууллага шүүхэд гомдол гаргаж  хууль бусаар хурааж авсан төлбөрийг нэхэмжлэх эрх нээлттэй  гэсэн. Тэр ч бараг худлаа болох нь тодорхой. Монголд авсан,өгсөн  л бол “вандан тас” шүү дээ. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар тогтоосон байдаг аж. Гэтэл ачигчид эрхээ хэтрүүлсэн нь шударга ажиллаагүйг нотолж байна. Гэтэл ШӨХТГ-ын шалгалтын дүн,шийдвэр ачигчдад таалагдахгүй байгаа аж Тэд хэлэхдээ,ёс журмыг дагаж, төрийн ажлыг залгуулж байгаа гэв. Төрийн нэг байгуулагын хэлсэн үг нөгөөгийнхөө хэлсэн үгээр үгүйсгэгдлээ. Машин ачих,мөнгө авах ажил хэвийн үргэлжилж байгаа тул жолооч нар  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээ ягштал  биелүүлж, хөдөлгөөнд сахилгатай оролц гэдгийг  Замын цагдаагийн газар ч  сануулсаар авай. Цагдаагийн байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг одоо ч  явуулж байна гэх. Тэгэхээр машинаа ачуулж мөнгө төлсөн хүмүүс юу ч олж “долоохгүй” нь бололтой. Тухайн үед бусдын хөрөнгийг ачаад явсан хүмүүс жолоочид мөнгө төлсөн баримт өгөөгүй гэж ярьж байсан. Машинаа ачуулсан хүмүүсийн ярьснаар, ачдаг компаниуд арай дэндүү дээрэлхүү аашилдаг хэмээн гомдоллох  хүн ч цөөнгүй. Жолооч,ачигч хэн нь ч гэсэн  амьдрах гэж л зүтгэж яваа Монголын маань нэг хэсэг нь. Цагдаа ачигч хоёр амьдралаас тасраад байгаа гэдэг үнэний ортой байхыг үгүйсгэж боломгүй. Зам дээр машинаа хаяад явж болохгүйг мэдэж байна,харин хууль журмыг зөрчиж хурааж авсан мөнгөө хэрхэн буцааж авах вэ гэдгийг хүмүүс асуусаар лавласаар байна. Төрийн 2 байгууллагын хэнийх нь хэлснийг дагах юм бол.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.